Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хоггүй цэвэр орчин нөхцөл бүрдүүлэх, орчны болон агаарын бохирдлыг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдал цэвэрлэх, ачиж тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий “Хоггүй Хан-Уул” аяныг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд зохион байгуулахаар болж, өнөөдөр нээлтээ хийлээ.
“Хоггүй Хан-Уул” аяны нээлтийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч Г.Батсайхан, А.Амартүвшин, ЗДТГ-ын дарга Б.Энхболд болон Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, Ц.Байгалмаа, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын Засаг дарга, Иргэдийн төлөөлөл оролцсон юм.