Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Иргэдээ сонсъё” сарын
аяныг 2017 оны гуравдугаар сарын 09-нөөс дөрөвдүгээр сарын 09-ний
хооронд зохион байгуулахаар шийдвэрлэж, яг энэ цагт уг аяны албан ёсны
нээлтийг дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас агаарын бохирдол, утаа, орчны эрүүл ахуй, ажилгүйдэл ядуурлыг бууруулах талаар “Иргэдээ сонсъё” аяныг санаачлан эхлүүлсэн бөгөөд энэ удаад Хан-Уул дүүрэгт энэхүү аяны буухиа үргэлжилж байна.
Хан-Уул дүүргийн иргэд “Аз жаргалтай эко дүүрэг”-т амьдрах ёстой. Дээрх аяны зорилгод 2017-2020 онд дэвшүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөр, зорилго, зорилт бүрэн дүүрэн нийцэж байгаа юм.
Хан-Уулчууд хамтдаа утаагүй, цэвэр тунгалаг агаарт, эрүүл аюулгүй амьдрахын төлөө гарах гарцыг олж, амьдралдаа амжилттай хэрэгжүүлэхийн төлөө “Иргэн” бүр дүүрэг болон хороодын удирдлагуудтайгаа хамтран “Иргэдээ сонсъё” аянд идэвхтэй оролцохыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн уриалж тус аяныг албан ёсоор нээлээ.
Иргэд, дүүргийн ИТХ-д сонгогдсон Төлөөлөгчид болон Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нартайгаа хамтран нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд энэ нэг сарын хугацаанд харилцан санал бодлоо солилцож, хамтран гарах гарц хайхын тулд энэхүү аянд нэгдэж байгаа юм.
Нээлтийн арга хэмжээнд ирсэн иргэд холбогдох албаны хүмүүсээс өмнөө тулгамдаж буй асуудлынхаа талаар асуулт асууж, хариулт авсан юм.
"Иргэдээ сонсъё" нэг сарын аян Хан-Уул дүүргийн бүх хороонд нэгэн зэрэг нээлттэй үргэлжилж байна.