Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ
Нийслэлийн Хан-Уул дүүрэг, “JCI Улаанбаатар” салбар байгууллагатай хамтран 2017 онд “Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ” төслийг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ.
“JCI Улаанбаатар” салбар байгууллага 2014 оноос “Хотын шийдэл” урт хугацааны төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ жил Хан-Уул дүүргийн ЗДТГ-тай хамтран “Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ” төсөлт ажлыг эхлүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр үзэглэлээ.
“Нэг асуудал, нэг туршлага, нэг шийдэл” уриан дор нийслэл хотын өнгө, үүд хаалга болсон Хан-Уул дүүргийн өмнө тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллага, донор байгууллагуудын оролцох оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд нөлөөлөх, залуучуудыг шийдэл дэвшүүлдэг хандлагад уриалж идэвхжүүлж, хоорондын сүлжээг ашиглах, хамтран ажиллах зорилготой юм.
Төслийн нээлтийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, “JCI Улаанбаатар” салбар байгууллагын төлөөлөл, гишүүд дэмжигчид болон ИТХ-ын Төлөөлөгчид оролцсон юм.
Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас дэвшүүлж буй “Аз жаргалтай ЭКО дүүрэг” мөрийн хөтөлбөртэй уялдуулан ерөнхий боловсролын 15, 60, 115, 130, “Буянт-Ухаа” цогцолбор сургууль хамтран “Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ” төслийг хэрэгжүүлэх юм.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА