Эмнэлгийн хүлээлгийн танхимд өнжин хонож хайртай дотны хэн нэгнээ эдгэнэ, эрүүл болно гэсэн итгэлээр хүлээж буй иргэн бүрийн төлөө Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, жүжигчин Гончигийн Ундармаагийн санаачлагаар сайн үйлсийн аян Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт үргэлжиллээ.
Сайн үйлсийн аяны нээлтэд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бааст болон Г.Ундармаагийн гэр бүлийнхэн, ажлын хамт олон, найз нөхөд, уг төсөл дээр хамтран ажилласан байгууллага болон хувь хүмүүс түүнчлэн тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Эрүүл мэндийн байгууллага болон эмнэлгийн үйлчилгээнд тав тухтай, эмх цэгцтэй, соёлтой эрүүл орчинг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготой Итгэлийн танхим” ТББ 6 дахь эмнэлгээ тохижуулан хүлээлгэн өгч байгаа нь энэ юм.
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг засаж тохижуулах ажлын хүрээнд иж бүрэн 10 палат, хүлээлгийн заал, эмчийн үзлэгийн өрөө, тарианы өрө, хүүхдийн тоглоомын өрөө, халдвар хамгааллын өрөө, эмч ажилчдын амралтын өрөө, ариун цэвэр, хувцасны өрөө, нарийн коридор бүхий нийт 508м2 газрыг бий болгож 142 809 907 төгрөгөөр засаж тохижуулжээ.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА