Хан-Уул дүүргийн Засаг дарга мөрийн хөтөлбөрөө ИТХ-д өргөн барилаа
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн 2017 оны төсвийн төсөл, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, өөрийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын II хуралдаанаар хэлэлцэн батлаж өгөхийг хүсэн, албан ёсоор ИТХ-ын дарга Б.Цэрэнд гардуулан өгсөн юм.
2016 оны ээлжит сонгуулиар Хан-Уул дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж, шинээр байгуулагдсан дүүргийн удирдлагын баг ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа эдийн засгийн тооцоо судалгааг нягталж, дүүргийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд түлхүү анхаарсныг Засаг дарга онцоллоо. Түүний ирэх дөрвөн жилд ажиллах мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газар, Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөртэй уялдуулан иргэдийн санал санаачлагад тулгуурлан үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлсон аж.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг гардан авсан дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн хэлэхдээ “Аз жаргалтай хот” –оос “Эко дүүрэг” болгохын төлөө хамтдаа ажиллах болно. Иргэдээ дээдэлсэн, бүтээлч, ажил хэрэгч зорилтууд тусгагдсан гэдэгт би итгэж байна” гэлээ.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА