Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид “Бидний ирээдүй-миний гарт” уриан дор өнөөдөр ес дэх удаагийн чуулганаа зохион байгууллаа.
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 27 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй энэхүү чуулган нь өсвөр үеийн санаа бодлыг сонсох, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийнх нь оролцоонд тулгуурлан шийдвэрлэх зорилготой юм.
Ес дэх удаагийн чуулганы үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын орлогч Г.Батсайхан, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дарга Б.Буяндалай нарын албаны хүмүүс болон ерөнхий боловсролын сургууль бүрээс 5 сурагч төлөөлөл болон оролцсон юм.
Тус чуулганаар “Цахим орчин дахь зөв харилцаа-Миний оролцоо”, “Гэр бүлийн эерэг уур амьсгал-Миний оролцоо”, “Найз нөхдийн зөв харилцаа-Миний оролцоо”, “Нийгэм, олон нийтийн орчин дахь зөв харилцаа-Миний оролцоо” асуудлыг хэлэлцэн нэгдсэн дүгнэлтийг гаргав.
Чуулганы үеэр сурлага, урлаг, спортоор хамт олноо манлайласан сурагчдад Нийслэлийн “Шилдэг сурагч” тэмдгийг гардуулан өгсөн юм.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА