Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар дүүргийн Засаг даргын орлогчоос чөлөөлөх болон томилуулах саналыг зөвшилцөх тухай асуудлыг ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын ажил, үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох тухай асуудлыг ИТХ-ын дарга Б.Цэрэн, "Севен майнинг" ХХК-иудын нэхэмжлэлтэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд итгэмжлэл шинэчлэн гаргаж өгөх тухай тус хурлын АА-ны эрх зүйн мэргэжилтэн О.Мөнхцэцэг, дүүргийн 12 дугаар цэцэрлэгийн түүхт 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл хүсэх тухай асуудлыг тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Жавзан нар тус тус танилцууллаа.
Хуралдаанаас гарсан шийдвэрээр дүүргийн Засаг даргын орлогч Т.Чингүнжав, С.Баасандолгор, Д.Анхбаяр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Батсайханг томиллоо. ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын ажил, үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны мэргэжилтэн С.Цэнгэлмааг 2016 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл томиллоо.
Түүнчлэн "Севен майнинг" ХХК-иудын нэхэмжлэлтэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус хурлын АА-ны эрх зүйн мэргэжилтэн О.Мөнхцэцэг, П.Энхжаргал нар ажиллахаар боллоо. Тус дүүргийн 12 дугаар цэцэрлэгийн түүхт 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрлийг Тэргүүлэгчид санал нэгтэйгээр батлав.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА