Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хороонд байрлах “Нэхмэлийн шар” байрныханд ямар хүндрэл учрав. Ерөнхийдөө
ямар үйл явц өрнөж байгааг уншигч та бүхэн сайн мэдэж байгаа байх. Нийслэлийн
холбогдох албаныхан хяналт шалгалт хийж насжилт өндөртэй, хүн амьдрах
боломжгүй, нурах аюултай барилгуудыг нэрлэсэн. Эдгээр барилгуудын нэг нь бидний
хэлж заншсан “Нэхмэлийн шар” нэртэй 2, 3 давхар барилгууд юм.
Дахин төлөвлөлтөнд орохоор тусгагдсан
эдгээр барилгын тендэрт шалгарсан “Фүжи холдинг” ББСБ, “Рендер Бау” ХХК, “Нутгийн
буянт” ХХК, “Эфэс” констракшн комданиуд шалгарсан ч өнөөдрийг хүртэл амласан
ажил нь амьдрал дээр хэрэгжээгүй байгаа.
“Нэхмэлийн шар” байрны асуудлаар өчигдөр
/2016-03-03/ дүүргийн ИТХ-ын Ажлын алба, ИТХ-ын Өргөдөл гомдлын хороотой
хамтран оршин суугчид, барилгын дахин төлөвлөлт гүйцэтгэгч компаниудын төлөөлөл
оролцсон “Нээлттэй сонсгол”-ыг зохион байгуулав.
“Нээлттэй сонсгол”-д УИХ-ын гишүүн
Л.Болд, ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, дүүргийн Засаг даргын орлогч С.Баасандолгор,
ЗДТГ-ын Эдийн Засаг Төлөвлөлтийн Хэлтсийн Гэр хорооллын дахин төлөвлөлт
хариуцсан мэргэжилтэн Б.Мэндсайхан, 3-р хорооны Засаг дарга Ч.Пүрэвсүрэн нарын
албаны хүмүүс оролцлоо.
Сонсголын үеэр хэзээ мөдгүй нурах аюултай нэхмэлийн шарынхны хувьд хугацаа
алдана гэдэг тун аюултайг холбогдох албаныханд сануулж байсан юм. Түүнчлэн
барилгын ажлыг 2016
оны дөрөвдүгээр сарын 01-ны өдөр гэхэд эхлээгүй тохиолдолд
барилгын ажил гүйцэтгэгч компаниудыг солихоор санал нэгдсэн тухайгаа мэдэгдсэн
юм.
ИТХ-ын Ажлын алба