Хан-Уул дүүрэг нийт 16 хороотой. Энэ хоёрдугаар сард
багтаан эдгээр хороодын 15 нь “Иргэдийн нийтийн хурал”-аа зохион байгуулсан
бөгөөд хуралд тухайн хорооны Засаг дарга, цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлэг,
сургууль, цэцэрлэг, иргэний танхимаас 2015 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны
тайлангаа хороодын оршин суугч иргэддээ тайлагнасан юм.
Тайлан сонссон иргэд Засаг даргын үйл ажиллагаанд үнэлэлт
дүгнэлт өгч, өөрсдийн оршин суугаа хороонд хийж гүйцэтвэл зохих ажилд санал, шүүмжлэлээ өгсөн юм.
Иргэдийн нийтийн хуралд тухайн хорооны 30 өрх тутмаас нэг
хүн хуралд оролцож байж хурлын нээдэг бөгөөд дүүргийн 16 хороодын хурлын ирц
өндөр, иргэдийн идэвх сайн байсан нь онцлог байв.
Хороодын Засаг дарга нарын тайлангаас Хан-Уул дүүрэгт
хийгдсэн дэд бүтэц иж бүрэн харагдаж байсан юм. Тухайлбал, ХУД-ийн 14-р хороо 9,6 км замтай болсон, сургууль цэцэрлэгийн цогцолбортой болсон, Гавьжийн
шанд, Өлзийт хоёрын дунд байсан хур хогыг иргэдийн оролцоотой бүрэн цэвэрлэсэн
байна. 2016 онд тус хороо бүрэн гэрэлтүүлэгтэй болох аж.
“Хурал зөвхөн аливаа нэг зааланд, хэн нэгэн дарга ярьж болдог” гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчилж, шинэчилсэн явдал бол “Явуулын иргэдийн нийтийн хурал” байлаа. ХУД-ийн 10 дугаар хорооны Засаг дарга А.Бумчумаа өөрийн хорооны иргэдийн хурлыг 6 удаа зохион байгуулсан бөгөөд энэ хугацаанд тусгай автобус гаргаж, дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалт, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцуулсан юм. Үүнд оролцсон иргэд зөвхөн өөрийн оршин суугаа хороог бус дүүрэг, нийслэлийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалт, төрийн үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байгааг нүдээр олж харсандаа талархал дүүрэн байсан юм.
Ирэх сарын 5-нд 11 дүгээр хороо Иргэдийн нийтийн хурлаа зохион байгуулах юм. Ийнхүү Хан-Уул дүүргийн 15 хороо иргэдийн нийтийн хурлаа амжилттай зохион байгуулж, Засаг дарга нар "Бүрэн хангалттай" үнэлгээг иргэдээсээ авлаа.
ИТХ-ын
Ажлын алба