Ерөнхий боловсролын сургуулийн цайны газар, сурагчдын “Үдийн цай” тойрсон хордлого гарлаа, чанаргүй хоол хүнс өглөө гэх мэт олон асуудал хөндөгддөг. Засгийн газраас нэг сурагчийн үдийн цайг 600 төгрөгт багтаахаар тооцож олгодог. Гэвч энэ мөнгө нь хүүхдийн авбал зохих илчлэгт хүрэхгүй байгааг эцэг эхчүүд болон сургуулийн удирдлагууд ярьдаг.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 200 орчим Ерөнхий боловсролын сургуулийн цайны газрууд нь зориулалтын бус стандартын шаардлага хангаагүй нөхцөлд ажилладаг гэсэн судалгаа байдаг. Ийм эрсдэлтэй нөхцөлд бага насны сурагчдад хоол бэлтгэж өгөх нь тохиромжгүй гэдгийг мэргэжлийн байгууллага хэлдэг ч үйл ажиллагаа явуулсаар байгаа нь нууц биш юм.
Энэ байдал Хан-Уул дүүргийн хэмжээнд ямар байгаа талаар өнөөдөр дүүргийн Иргэний танхимд зохион байгуулагдсан “Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин, түүнд тавих хяналт, эрүүл ахуй” сэдэвт сургалтаар асуудал дэвшүүлэн хэлэлцсэн юм.
Сургалтанд Хан-Уул дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын менежер, дотоод хяналтын ажилтан, эмч, цайны газрын захирал, тогооч зэрэг 50 гаруй хүнийг оролцуулсан бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хан-уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн зөвлөх нар оролцсон юм.
Сургалтаар хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдал, түүнд тавих дотоодын хяналтын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, ном гарын авлага гардуулан өглөө. Мөн мэргэжлийн байгууллагууд сурагчдыг хоолны хордлого, хордлогот халдварын дэгдэлтийн үед хийгдсэн эрүүл ахуй, халдвар судлалын хяналт, цаашид анхаарч ажиллахыг сануулав.