ХУДНЭ нь анх 1980 оны дөрөвдүгээр сард Ажилчны Районы Хүүхдийн нэгдсэн эмнэлэг нэртэйгээр байгуулагдан хэвтүүлэн эмчлэх 120 ортой, нэг ээлжиндээ 300 хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай поликлиниктэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн байна.
1991 оны дөрөвдүгээр сараас ЭМ-ийн сайдын А/39, Улаанбаатар хотын АДХГЗ-ны 83 дугаар тогтоолоор нийслэлийн дүүргүүдэд эрүүл мэндийн зөвлөх төвүүд байгуулагдаж амбулатори поликлиникийн үйлчилгээг шилжүүлснээр хүүхдийн өвчний чиглэлээр хэвтүүлэн эмчлэх үйлчилгээтэй Хүүхдийн IV эмнэлэг болж өөрчлөгджээ.
2001 оны дөрөвдүгээр сараас Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн Засаг даргын 98/197 тоот хамтарсан тушаал, захирамжаар Дүүргийн нэгдсэн эмнэлэг болгон өөрчлөн зохион байгуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлсэн аж.
Харин өдгөө тус эмнэлэг нь 180 ортой, жилд дунджаар 8600 гаруй хүнийг хэвтүүлэн эмчлэдэг бөгөөд яаралтай тусламж, дотор, мэдрэл, хүүхэд, нөхөн сэргээх эмчилгээ, уламжлалт эмчилгээ, өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Тус эмнэлэг нийт 120 гаруй эмч ажилтантай бөгөөд 24 эмч эмнэлгийн дээд мэргэжилтэн, 46 сувилагч тусгай мэргэжилтэн болон аж ахуй үйлчилгээний ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Түүнчлэн “Үйлчлэгч таньд сэтгэлийн дулаан илчийг-Бид өгч, Үйлчлүүлэгч таны итгэлийн цог галыг-Бид бадраана” гэсэн уриан дор нэгдэн нягтарч, хамгийн соёлтой дотно чирэгдэлгүй үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа энэхүү эмнэлэгийн түүхт 35 жилийн ой эдгээр өдрүүдэд жил тохиож байна.
Харин өнөөдөр тус эмнэлэгт ажиллаж байсан, ажиллаж байгаа эмч, сувилагч ажилтанууд талархалын уулзалтыг зохион байгуулж 35 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү үйл ажиллагаанд ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч С.Баасандолгор, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Бааст, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган болон бусад албаны хүмүүс, эмч, сувилагч, ахмад ажилтнууд оролцсон юм.