Монгол Улсын Засгийн газраас 1992 оноос эхлэн 10 сарын 1-ны өдрийг Монголын ахмадын өдөр болгон зарлаж байсан бөгөөд энэ жил Монгол улсын хэмжээнд 23 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Хан-уул дүүргийн 50 жилийн ой, Олон улсын ахмадын баярын өдрийг угтаж ХУД-ийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлж буй хүнсний дэлгүүрүүдтэй хамтран 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшүй шаардлагатай өрхийн 36 ахмад настанд гарын бэлэг гардуулан, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн талаар мэдээлэл өгч, зорилтот бүлгийн иргэдэд тусалж дэмжих сайн дурын нийгмийн үйлчилгээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсүүд мэдээлэл зөвлөгөө өгөх чиглэлээр, Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлж буй хүнсний дэлгүүрүүд нийгмийн хариуцлагын хүрээнд сайхан сэтгэлийн гараа сунган ахмадуудад гарын бэлэг гардуулан оролцлоо.
Ахмадууд өөрсдийн сонирхсон асуултуудаа холбогдох мэргэжилтнүүдэд тавьж, хариулт авахын зэрэгцээ Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн албан хаагчдын урлагийн тоглолтыг үзэж сонирхон нэг өдрийг үр дүнтэйгээр өнгөрүүллээ.