Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргын ивээл дор ЕБС-уудын ахлах ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Аварга анги” шалгаруулах спортын их наадмын нээлт өнөөдөр болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээний нээлтэнд ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, ХУД Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Баасандолгор, дүүргийн ИТХ-ийн төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс оролцлоо. АВАРГА АНГИ-2015 спортын их наамдыг нээж ИТХ-ын дарга Д.Батбилэг үг хэлэхдээ “Нийт тамирчид, хүүхэд залуучууддаа спортын өндөр амжилтыг ИТХ-ын дарга миний бие болон нийт Төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс хүсэн ерөөе” гэлээ. Мөн ХУД-ын Засаг дарга Ж.Ганхуяг "АВАРГА АНГИ-2015” спорт наадамд оролцож буй нийт багууддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөж, багуудад баяр хүргэж, спортын амжилт хүслээ. “Найрсаг Хан-Уул” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа АВАРГА АНГИ-2015 спортын наадмын зорилго нь ЕБС-уудын сурагчдын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, тэднийг биеийн тамир спортод татан оролцуулах юм. Тус спортын их наадам сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис гэсэн 4 төрлөөр 285 багийн 2580 гаруй тамирчид хурд хүч, авъяас чадвараа сорих юм байна. Тус наадам нь 2015 оны 04-р сарын 14-19 хооронд “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжлэн явагдана.
Спорт наадмын үеэр ХУД ИТХ-ын дарга Д.Батбилэгээс энэ жилийн наадмын онцлогийн талаар тодрууллаа.
“Энэ жилийн Аварга анги-2015 спортын наадмын онцлог нь өмнөх жилүүдэд сургууль өөрсдөө багаа бүрдүүлж спортоор хичээллэдэг баг, хүүхдүүдийг бүрдүүлээд тоглуулдаг байсан бол энэ жил цар хүрээгээ тэлж хүүхэд бүр энэ наадамд хамрагдах боломжтой болж байна.Нөгөө талаас Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож иргэдтэйгээ хамт оролцож байгаагаар онцлогтой. Аварга анги-2015 спортын их наадмыг төлөвлөсний дагуу 4 төрлөөр явуулж аваргаа шалгаруулна. Мөн өнгөрсөн жил сагсан бөмбөг гэсэн нэг төрлөөр явуулж байсан бол энэ жил волейбол, ширээний теннис, шатар гэсэн 3 спортын төрлийг шинээр нэмсэн. Өнөөдрийн спортын наадмын хувьд дүүргийн бүх ЕБС-ийн сурагчид хамрагдаж маш өргөн цар хүрээтэйгээр спортын наадам болж байна. Хамгийн чухал нь Аварга ангийн тамирчидаа ангийн багш нь дасгалжуулагчийн үүргийн гүйцэтгэн оролцож байгаа онцлог чухал юм” гэлээ.