Буянт ухаа-1 хороололд нийт 6000 гаруй иргэн амьдарч байна. Ингэснээр Хан-Уул дүүргийн 16-р хороо нь 25 мянга орчим иргэнтэй болж ачаалал нь нэмэгджээ. Гэнэт ийм олон хүнээр хүрээгээ тэлсэн учраас зарим үйлчилгээ нь хүлээгдэх, ачаалал нэмэгдэх зэрэг хүндрэлүүд гарч эхэлсэн байна. Тухайлбал хүн амын төвлөрөл нэмэгдсэн учраас боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, замын гарц тэмдэг тэмдэглэгээ гэх мэт шийдвэрлэх асуудал олон байгааг тэд тойргоос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн засаг даргын орлогч Буяндалайд тавьсан байна.
-Уулзалтын үеэр иргэдийн зүгээс ямар асуултыг түлхүү тавьж байна вэ?
-Буянт Ухаа орон сууцны хороолол ашиглалтад орсноор энэ бүсэд нэг хороо нэмэгдсэнта адил ачаалал нэмэгдлээ. Иймээс хуучин байсан дэд бүтэц нь ачаалал дийлэхээ больж байна. Дэд бүтэц гэсэн ойлголтод автобусны буудал, автобусны хүртээмж чиглэл мөн сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийн үйлчилгээ багтаж байгаа юм. Иргэд орон сууцны хэрэгцээгээ шийдсэн боловч төрийн болон нийгмийн үйчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй авах нь асуудал дагуулж байна.
-Шийдлүүдийг тодорхойлсон уу?
Өнөөдрийн уулзалтад Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Авто замын газруудаас төлөөлөл ирж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх арга замуудын талаар хамтдаа ярилцлаа. Иргэдэд тулгамдаж буй асуудлаас нийслэлээс бие даан шийдэх боломжтой асуудлыг тодорхойлж ойрын хугацаанд ажил хэрэг болгоно гэдгээ ярилцлаа. Үүнд авто замын хурд сааруулагч байрлуулах, автобусны хүртээмж, чиглэлийг нэмэгдүүлэх ажлууд багтаж байна.