“Хан-Уул” дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хадбаатартай хэдэн хором ярилцсанаа хүргэе. Тэрбээр дүүргийнхээ Ахмадын хорооны дарга бөгөөд Гадаад, харилцаа, хамтын ажиллагааны хороон даргын албыг давхар хашдаг юм.
- Сайн байна уу. Та сайхан хаваржиж байна уу.
Сайн сайн байна уу. Сайхан хаваржиж байна. Танд болон уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе.
-Та анх ИТХ-д 2012 онд сонгогдсон. Энэ хугацаанд иргэдийн талархалыг хүлээсэн ямар ажлуудыг хийж гүйцэтгэв?
Миний бие 2012 онд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд X хорооноос сонгогдож, СӨХ-д орон сууц, орчны тохижилтыг хөгжүүлэх чиглэлээр н.Ганчимэг захиралтай хамтран ажиллаж байсан. Энэ хугацаанд тухайн орон сууцанд нэг сая 400 мянган төгрөгийн хөрөнгөөр дөрвөн төмөр хаалга авч, оршин суугчдыг айх аюулгүй амьдрах орчныг нь бүрдүүлсэн. Үүнээс гадна нэн ядуу болон эмзэг бүлгийн иргэдэд тусламж үзүүлэх ажлыг хувийнхаа зүгээс зохион байгуулж ирсэн. Тухайлбал, 2013 оны нэгдүгээр сард хорооныхоо иргэн н.Цасчимэгийн хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхдэд тэргэнцэр хандивласан бол Оюун гэх охины сурах орчныг нь бүрдүүлж компьютерийн иж бүрдэл авч өгсөн зэрэг тусламж үзүүлж ажиллалаа.
Өнгөрсөн жил модон морь жилийн сар шинийн баярыг угтаж хорооныхоо амьжиргааны түвшингээс доогуур орлоготой ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэн тавгийн идээг хувиасаа гарын бэлэг болгон өгсөн. Эдгээрээс иргэдийн талархлыг хүлээсэн нэгэн чухал ажил бол манай ИТХ-аас санаачлан X хорооны нутаг дэвсгэрт байрлах Морингийн даваанд автомашин, мотоцикль уралдахыг хориглосон явдал байлаа. Учир нь тэндхийн Туул голын сав газар болон Морингийн давааг туурь болгож байгаль орчинд маш их сөрөг нөлөө үзүүлсэнээс гадна иргэдийн бухимдлыг төрүүлдэг байсан юм. Бидний зүгээс энэ асуудлыг ИТХ-аар хэлэлцэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.24-р зүйлийг үндэслэн Дүүргийн ээлжит гуравдугаар хуралдаанаас автомашин, мотоцикль уралдахыг хориглосон шийдвэрийг гаргасан нь иргэдийн талархлыг хүлээсэн юм.
- Аливаа улс орон, дүүрэг, хороодын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт иргэдийн санаачилга, дэмжлэгээр хөгжиж цааш явдаг. Танай дүүргийн хувьд иргэдийнхээ санаа бодлыг хэр сонсч, тусган авч ажилладаг вэ?
- “Хан-Уул” дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нартай хамтран өнгөрсөн жил иргэдийн уулзалтыг дөрвөн удаа зохион байгуулсан. Үүнд дүүргийн иргэдийн оролцоотойгоор бүтээн байгуулалтыг хэрхэн хийх талаар хэлэлцсэн юм. Мөн 2013 оны есдүгээр сард Х хороодын төсвийн санал асуулгын талаар иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонссон нь иргэдийн талархалыг хүлээсэн.
- “Хан-Уул” дүүрэг хэчнээн ахмадуудтай вэ, тэдэнд ямар тусламж дэмжлэг үзүүлдэг талаар яривал?
2014 оны хоёрдугаар сарын сүүлээс Ахмадын хороон даргын ажлыг хүлээж авч байлаа. Манай “Хан-Уул” дүүрэгт нийт 10 мянга гаруй ахмад оршин суудаг. Энэ тоо жилээс жилд өсч байна. Учир нь шинээр тэтгэвэрт гарч байгаа ахмадын тоо нэмэгдсэнтэй холбоотой. Мөн тэтгэврийн наснаасаа өмнө янз бүрийн нөхцөл байдлаар эрт тэтгэвэртээ гарсан иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа нь сүүлд хийсэн бүртгэлийн тоо баримтаас харагддаг. Эдгээр 10 мянга гаруй ахмадаас гадна харьяалалгүй ахмад гэж бий. Харьяалалгүй ахмадуудын тоонд ихэвчлэн тухайн ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан ахмадууд ордог. Бид бүх л боломжоо ашиглан үнэхээр боломжгүй өндөр настанууддаа таван ханатай гэр өгөх, нэн шаардлагатай зүйлээр нь туслах ажлуудыг үе шаттай зохион байгуулдаг. Энэ тал дээр дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг болон Тамгын газраас их дэмжин ажилладаг. Мөн дүүргийн ахмадын хорооны зүгээс “Ахмадын өргөө”-тэй болох асуудлыг дүүргийнхээ ИТХ-ын Нийгмийн бодлогын хороогоор хэлэлцүүлэхээр ахмадуудаасаа ирсэн санал хүсэлтийг уламжилсан байгаа.
- Ахмадын хорооны зүгээс харьяалалгүй ахмадууддаа гэр олгох, “ахмадын өдөр”-өөр үнэгүй эмнэлэгийн үзлэгт хамруулах зэрэг тусламж үйлчилгээний ажлыг хийдэг. Гэсэн хэдий ч өндөр настан бүрт хороо, дүүргийн зүгээс санаачлан хэрэгжүүлж буй ажил хүрдэггүй. Өнөөдөр тэдэнд ямар асуудал, хүндрэл бэрхшээл ихэвчлэн тулгамдаж байна вэ?
- Ер нь харьяалалгүй ахмадуудын асуудал их хүнд байдаг. Засгийн газраас харъяалалгүй ахмадуудад жилд нэг удаа 10,000 төгрөг өгдөг байсныг, жилд хоёр удаа болгож, цагаан сар болон наадмаар өгдөг болгоё гэсэн асуудал тавигдсан. Үүнээс гадна 1990 оноос хойш 10 дугаар сарыг “Ахмадын сар” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Дүүргийн зүгээс орон гэргүй, харж хандах хүнгүй, өрхийн орлого бага ахмадуудад тэр болгон туслах нөөц, боломж нь хомс байдаг. Гэсэн ч бид боломжийнхоо хэрээр ажилладаг. Тухайлбал, харьяалалгүй ахмадуудаа бүртгэх, гэр олгох, эмнэлгийн үзлэгт хамруулах зэрэг олон ажлыг санаачилан хэрэгжүүлж байгаа.