ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙН АЖЛЫГ ЯВЦ 50 ХУВЬТАЙ БАЙНА
Нийслэлийн хэмжээнд 2015 оны 01 дүгээр сарын 05-наас 20-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулж байгаа. Хан-Уул дүүргийн хувьд нийт хүн амын 24 хувь нь цэргийн бүртгэлд хамрагдах насны хүмүүс байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар бүртгэлийн ажлын явц 50 хувьтай үргэлжилж байна. Энэ нь өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Энэ жилээс эхлэн шинэ журам батлагдаж цагдаа, шүүх, онцгой байдал, шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг хүчний бүх байгууллагын албан хаагчид бүртгүүлэх үүрэгтэй болсон юм. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд зөрчил гаргасан иргэдийн хувьд товлосон хугацаанд ирж бүртгүүлсэн тохиолдолд өмнөх зөрчилд арга хэмжээ авахгүй. Харин хугацаанаас хоцорсон тохиолдолд арга хэмжээ авч 50 хүртэлх мянган төгрөгөөр торгох юм байна. Мөн гадаадад ажиллаж амьдарч, сурч байгаа иргэдийн хувьд энд байгаа ар гэрийнхэн нь ирж заавал бүртгүүлэх шаардлагатай гэнэ. Хан-Уул дүүргийн цэргийн штаб бүртгэлийг эрчимжүүлж иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн шинэ ажил зохион байгуулжээ. Тухайлбал фэйсбүүк, мессеж ашиглан иргэдэд мэдээлэл өгөх мөн Чингис хаан олон улсын нисэх буудалд бүртгэлийн талаарх мэдээллийг зарлах зэрэг шинэ ажлууд хэрэгжүүлж ажиллаж байгаа гэнэ.