Манай 11-р хороо 2014 оныг “Хүүхдийн төлөө, хүчирхийллийн эсрэг жил” болгон зарласан. Манай хорооны иргэдийн амьдрал ерөнхийдөө төлөвшсөн, амьдралын баталгаажих түвшин дээгүүр өрхүүд байдаг боловч үүний хажуугаар гэр бүлийн хүчирхийлэл нилээд гардаг. Энэ жилийн хувьд урьдчилсан байдлаар 2-3 хүнд нөхцөл байдлын үнэлгээ хийж, гэр бүлд нь зөвөлгөө өгсөн. Мөн шүүхээр таван хосыг хүчирхийллийн хэргээр оруулсан. Хүүхдээ зоддог, эхнэрээ зоддог, архи уугаад агсам тавьдаг ийм явдал их гардаг учраас энэ чиглэлээр үйл ажиллагаагаа түлхүү хандуулан явууллаа. Мөн бүтэн өнчин, хагас өнчин хоёр, гурван хүүхдийг асрамжийн газар өргүүлэх, хамаатан саданг нь олж өгөх зэрэг ажлыг хийсэн.
Хорооны иргэдийн газрын маргааны асуудал хэр их байдаг бэ?
Зайсанд олон жил амьдарсан, газраа авч чадахгүй байгаа иргэдэд туслах зорилгоор Байгаль орчны яамтай хамтын ажиллагааны гэрээний дагуу хамтарсан баг байгуулаад хуулийн төслийг өргөн барилаа. Энэ нь “Тусгай хамгаалалттай газар нутагт суурьшлын бүсийг бий болгоё, тусгай хамгаалалттай газар нутгийн хуулин дээр суурьшлын бүс гэж нэмэлтээр оруулах” тухай юм. Ингэснээр иргэд газраа өмчлөх, эзэмших эрхтэй болох ба газар нь баталгаажаад явна.
11-р хороо хичнээн хүн амтай, хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
Манай хорооны хувьд 3 зохион байгуулагчтай, 1 халамжийн ажилтан, 1 нийгмийн ажилтан, 1 хөдөлмөрийн ажилтантай. Мөн 8 хэсгийн ахлагч, 1 цагдаа, 3 өрхийн эмчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулан иргэддээ үйлчилж байна.
ХУД-ийн 11-р хорооны иргэдийн оролцоо ямар вэ. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хорооны зүгээс ямар ямар ажлыг хийж байгаа вэ?
Орон нутгийн хөгжлийн сангаас иргэдээс байнга санал, хүсэлтийг асууж тэрнийхээ дагуу ажил үүргээ гүйцэтгээд явж байна. 2014 онд иргэдийн санал, санаачилгаар нийслэлээс хийгдсэн томоохон ажлын нэг бол 191 гэрэлтүүлгийн ажил хийгдсэн. Ингэснээр манай 11-р хороонд харанхуй гудамж нэг ч байхгүй болсон. Мөн Байгаль орчны яамнаас гаргадаг гурвалсан гэрээгээр хорооны иргэд өөрсдөө хуралдаж, тухайн компаний эрхийг сунгах уу, газрыг нь өгөх үү, өгөхгүй юу гэдэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг. Энэ хурлыг энэ онд нийт 4 удаа хийсэн байна. Үүнээс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сайн дурын эргүүлүүд ажиллаж байна. Ерөнхийдөө манай хорооны хувьд иргэдийн оролцоо харьцангуй сайн байдаг.
Орон нутгийн хөгжлийн сангаар ямар ажлууд хийгдээд явж байна?
Орон нутгийн хөгжлийн сангаас мөнгө нь гарч, иргэд санал болгодог ажлууд хийгдэхгүй удсан байсан. Жишээ нь нэг сагсны шийд гэхэд хийгдэлгүй хоёр жил болж байна. Энэ ажлын хувьд газар нь шийдэгдээгүйгээс болж хойшлогдсон. Үүнийг Байгаль орчны яамны мэргэжилтэн н.Долгормаатай ярилцаж байгаад 2,5 га газарт сагсны шийд, хөлбөмбөгийн талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болж, ажил нь эхлээд явж байна. Байгаль орчны яамтай хамтын ажиллагааны гэрээний нөхцөлтэйгээр газрын асуудлыг шийдсэн. Хан-уул дүүргийн төвийн хороодын хувьд цэцэрлэгт хүрээлэн гэж байхгүй учраас бид ийнхүү цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг хийхээр болсон. Үүнээс гадна НИТХ-ын төлөөлөгч н.Түвшинтэй хамтран 32-р сургууль болон 35-р цэцэрлэгийг 2015 оны төсвийн мөнгөнд суулгаж өгсөн байгаа. Тэгэхээр 2015 онд манайд сургууль, цэцэрлэг шинээр байгуулагдана гэж ойлгож болно. Мөн 32-р сургууль дээр ХААИС-ийн н.Хярав гуайтай ярьж байгаад 1300 метр кв газрыг 35-р цэцэрлэгийн нэр дээр аван Байгаль орчны яамнаас гэрчилгээг нь авч, газрын асуудлыг шийдвэрлэсэн байгаа.
Хороон дээр иргэд рүүгээ чиглэсэн сургалтыг хэр зохион байгуулсан бэ? Иргэдийн оролцох байдал, тэдний зүгээс хүсч байгаа зүйл нь юу байв.
Энэ онд 2-3 төрлийн сургалт зохион байгуулагдсан. Нэгдүгээрт Улаанбаатар даяар болж байгаа “Хадгаламж зээлийн хоршоо байгуулах” талаар сургалтыг иргэддээ мэдээлэл өгч зохион байгуулсан тухайлбал нийслэлээс 100 сая төгрөг төсөвлөгдөхөд түүнийг хэрхэн үр ашигтай захиран зарцуулах вэ, зээл нь яаж гарах вэ гэдэг чиглэлээр сургалтыг зохион байгуулсан.
Мөн “Орчны бүсийн сургалт”-ыг зохион байгуулж иргэдэд мэдээллийг өгсөн. Манай хорооны хувьд тусгай хамгаалалттай газар нутагт байрладаг. Энэ нь орчны бүсэд амьдардаг иргэдэд шууд холбоотой. Орчны бүс гэдэг нь өөрөө тусгай хамгаалалттай газар нутагт байгаа иргэн болон үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд газрын татвараас 30 хувийг нь эргүүлэн татаж авдаг. Үүгээр байгаль орчныг сэргээх, мод тарих, амьтан нутагшуулах, ховор ургамал ан амьтныг нутагшуулах, айл иргэдийн гадна талын хог, явган хүний зам талбай, гэрэлтүүлгийг орчны бүсийн санхүүжилтээр хийх боломжтой гэдгийг иргэдэд сургасан. Иргэд өөрсдөө хоршоогоо байгуулан байгаль эхээ хамгаалах, гадна орчноо тохижуулаад явбал өөрсдөө цалинжаад явах боломжтой гэдгийг ойлгуулж сурталчилгаа хийсэн.
11-р хорооны хувьд тулгамдаж байгаа асуудал юу байна. Шийдвэрлэх гарцыг хэрхэн хайж ажиллаж байна вэ?
Манай хороонд сургууль цэцэрлэгийн хүрэлцээний асуудал их тулгамдаж байна. 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт өнөөдөр 200 хүүхдийг хүмүүжүүлж байна. Үүнээс гадна хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол газрын асуудал. Манай Зайсанд олон жил амьдарсан өөрөөр хэлбэл ХААИС, Ясны сүрьеэгийн болинец, уушигны сүрьеэгийн болинец, халдвартын клиникийн эмнэлэг гээд энд ажиллаж байсан хүмүүс олон байгаа. Би өөрөө гэхэд энэ Зайсанд гурван үеэрээ амьдарч байна. Энэ улсууд маань ямар нэгэн байдлаар бизнес хийгээд зээл авъя гэхэд газар нь зөвшөөрөлгүй, тэрэн дээр барьсан барилга нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй ямар нэгэн эдийн засгийн эрх зүйн үндэслэл гарч ирэхгүй байгаа учраас амьдрал нь нэг их сайжирч өгдөггүй. Дээр хэлсэнчлэн Байгаль орчны яамтайгаа хамтраад өргөсөн хуулийн төсөл маань УИХ дээр дэмжигдээд явбал энэ асуудал маань шийдэгдэх байх.
Газрын асуудлыг шийдвэрлэхийн тулд хорооны Засаг даргын зүгээс ямар ажил хийж байна вэ?
Энэ газрын асуудлыг маш яаралтай шийдэхгүй бол иргэдийн амьдрах нөхцөл сайн бүрдэж өгөхгүй байна. Би өөрөө дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг. Хороо дүүргийн зүгээс болон ИТХ-ын зүгээс бичиг баримтыг хангалттай бүрдүүлж явуулсан. Миний бие иргэд компаниудын хооронд маргаан гарвал дандаа иргэдийн талд орж, иргэдээ хамгаалсан акт баримтуудыг гаргаж ажилладаг. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай гэхэд л иргэдтэй маргасан. Үүнээс гадна өөр хоёр, гурван компани иргэдтэй маргалдаж эрүү үүсээд явж байна. Энэ асуудал дээр дүүргийн Засаг дарга болон цагдаагийн байгууллага их хамтарч ажилладаг. Ер нь бол дүүрэг энэ тал дээр маш сайн хамтарч ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье. Ontslokh.mn