Тус хуралдаанд ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, ИТХ-ын дарга Д.Батбилэг болон ИТХ-ын тэргүүлэгчдийн төлөөлөгч нар оролцсон бөгөөд хуралдааныг ИТХ-ын дарга Д.Батбилэг даргалан явууллаа. Тус хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэн баталсан юм. Тодруулбал, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, 2015 оны зорилтын тухай, Дүүргийн 2015 оны Орон нутгийн төсвийн тухай, Дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны төлөвлөний тухай, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн тухай хэлэлцэн баталсан юм.
Мөн Хан-Уул дүүрэг 2015 оны төсвийн төслийг дараах үндсэн чиглэл, бодлогын хүрээнд боловсруулсан тухай тус хуралдаанд оролцсон төлөөлөгчид хэллээ. Үүнд:
1. Хан-Уул дүүргийн Засаг дарга 2013-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх, 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх
2. Дүүргийн төсвийн орлогыг бүрдүүлэх боломжит эх үүсвэрийг дайчлан татварын орлогыг өмнөх оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс бууруулахгүй байх
3. Монгол УИХ, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлыг бууруулах гэсэн үндсэн чиглэлийг баримталж бодлогын хүрээнд боловсруулсан байна.
НИТХ-аас энэ сарын 4-ний өдөр Нийслэлийн 2015 оны төсвийг баталсан бөгөөд тус төсөв батлагдсанаар Хан-Уул дүүргийн төсөвт хэд хэдэн өөрчлөлтүүд орж байгаа юм байна. Тухайлбал, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас дүүрэгт олгох орлогын шилжүүлгийг 2,1 тэрбум, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих, боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 27,9 тэрбум төгрөгөөр, Хан-Уул дүүргээс Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын дүнг 8,1 тэрбум төгрөгөөр тус тус баталсан байна. Үүнээс гадна 2015 оны төсвийн төслийг 2014 оны тодотгосон төлөвлөгөөнөөс 98,4 буюу нэг тэрбум 1,7 төгрөгөөр бууруулж орон нутгийн төсвийн орлогыг 19 тэрбум 364,2 сая төгрөг байхаар төсөвлөжээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар үр дүнгээ өгсөн олон ажлуудыг ажлын хэсгүүд танилцуулсан бөгөөд үүний нэг нь дүүргийн ИТХ-аас 2014 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн хэмжээнд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр хэрэгжиж байгаа явдал байлаа. Тус хөтөлбөрийн зорилго нь хүүхдийг дэмжих, тэдний онцлогт тохирсон хэрэгцээг хангахуйц хандлагыг нийгэмд төлөвшүүлэх замаар аливаа шийдвэрт бие даан нөлөөлөх чадвар, оролцоог нь дэмжин амьдралын баталгаагаар хангагдах, эрхээ эдлэх боломжоор дүүрэн орчин бүрдүүлэх аж.