Прокурорын байгууллага нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хуулиудаар олгосон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд эрх бүхий байгууллага зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, хэрэг бүртгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх, хуулийг зөв хэрэглэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, албадлагын арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэж байгаа эсэхэд тавих хяналтын ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Цагдаагийн байгууллагын харьяалан шийдвэрлэх зөрчлүүдээс хамгийн түгээмэл үйлдэгдсэн зөрчлүүд нь Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил буюу гудамж талбайд бие зассан, нус цэр тамхины иш хог хаясан, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харьцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших захиран зарцуулах эрхэд нь халдсан, Хулгайлах буюу 300.000 төгрөгнөөс доош үнийн дүнтэй эд хөрөнгийг хууль бусаар авсан, Танхайрах буюу олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, үйлчилгээний болон дарааллын журам зөрчсөн, Хүний биед халдах буюу гэмтэл учруулахгүйгээр бусдыг халдаж зодсон, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, Хүүхдийн эрхийг зөрчих буюу хүүхдийн бие махбодид халдсан эсхүл үл хайхарсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, Тамхины хяналтын тухай хууль зөрчих буюу утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, Гүтгэх буюу хүний нэр төр алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг олон нийтэд тараасан болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.