Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ-ийн захирал Ц.Мөнхсүхтэй энэ жил хийгдэж буй ажлын явцын талаар ярилцлаа.
-Сайн байна уу. Хан-Уул дүүргийн ТҮТ хэзээ байгуулагдсан бэ? Үйл ажиллагааны чиглэлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
Нийслэлийн Засаг даргын Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолыг хэрэгжүүлэх тухай А/73 дугаар захирамжын дагуу Нийслэлийн төвийн 9 дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудын хувьчлалыг буцаасан болно. Үүний дагуу ТҮКомпаниудын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүргийг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасны дагуу ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 02-р сарын 05-ний өдрийн тогтоолоор манай байгууллага дүүргийн өмчит “Тохижилт Үйлчилгээний Төв” нэртэйгээр байгуулагдсан. Энэ шийдвэрийг гарахад би маш их баяртай байсан. Хог гэдэг асуудал бол өөрөө хувийн хэвшлийн ашиг олдог зүйл биш. Тохижилт Үйлчилгээний байгууллага бол Монгол улсын 50-иас илүү хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хот хэмээх том хотод онцгой байдал, эмнэлэг, цагдаа сэргийлэх гэдэгтэй адилхан онцгой байгууллага байх ёстой. Ашгийн төлөө бус. Тэгэхэд ийм байгууллагыг хувийн хэвшилд өгчихөөд, хувийн хэвшлийн байгууллага нь ашигтай бол ачна, ашиггүй бол ачих боломжгүй манай байгууллага ашгийн төлөө байгууллага гэж ярьж болохгүй. Дээрээс нь хувийн хэвшилд төр мөнгөө өгдөг системээр явж болохгүй энэ талаар нилээд эсэргүүцэж байсан. Уг асуудлыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл судалж үзсэний дагуу Тохижилт Үйлчилгээний байгууллагыг хувьчлах нь буруу, төрд авах ёстой юм байна гэсэн шийдвэрийг гаргаж төрд буцааж өгсөн.
Ингээд 2013 оноос хойш манай байгууллага Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэдэг нэрийн доор дүүргийн нутаг дэвсгэрийн хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ ,ногоон байгууламжийн арчилгаа тордолгоо гэсэн үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар хогны асуудал хувийн хэвшлээс төрд шилжиж очсоноор ажлын явц үр дүн сайтай байгаа нь олонд ил тод харагдаж байна. Ажлын үр дүн сайн байгаад их баяртай байдаг.
-Тохижилт үйлчилгээний төв хичнээн хүний орон тоотой ажиллаж байна вэ?
ТҮТ ОНӨААТҮГ нь нийт 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үндсэн хэсэг нь гурван салбараас бүрдэнэ. Үүнд Захиргаа удирдлагын хэлтэс 10 гаруй, хог тээвэр, ачилт хариуцдаг Авто бааз 40 гаруй, ногоон байгууламж, зам талбайн цэвэрлэгээний хэсэг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
-2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ололт амжилтаасаа дурьдвал?
2014 оны хувьд манай Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ маш үр дүнтэй, хамт олны маань ажил хөдөлмөр өндрөөр үнэлэгдсэн сайхан жил байна. Нийслэлийн 375 жилийн ойн өмнөхөн Нийслэлийн 9 дүүрэгт зарласан “Хоггүй хороо- Хоггүй гудамж” болзолт уралдаанд нэгдүгээр байр эзэлж нийслэлийн удирдлагаас шагналаа гардан авсан. Мөн болзолт уралдаанд шалгарснаар 3 ажилтан маань Сингапур, Хонг Конг улсуудаар аялах эрхийг бичгээр шагнагдаж 11- р сарын сүүлээр явахаар төлөвлөөд байна. Өнгөрсөн жил мөн манай байгуулага хариуцсан ажилдаа идэвхи зүтгэл гарган амжилттай сайн ажилласан 3 ажилтнаа Сингапур, Хонг Конг улсруу явуулсан. Ингэснээр манай ажилчдын ажлын идэвхи улам ихээр сайжирч байна. Энэ нь өөрөө өндөр хөгжилтэй орны хот тохижилт, хог тээвэрлэлтийн халуун цэг дээр ажиллаж байгаа хүмүүс ямар үнэлэмжтэй байдаг талаар танилцах, нүдээр үзэж судлаад түүнийгээ ажил хөдөлмөртөө тусгадагаараа илүү их онцлогтой юм.
-Нийслэлээс “Хоггүй хороо- Хоггүй гудамж” болзолт уралдаанд тэргүүн байр эзлэхэд ямар шалгуурыг тавьж, тус шагналыг олгодог вэ?
Ер нь гол үзүүлэлт бол хоггүй, цэвэрхэн байх шүү дээ. Магадгүй ажилчдынхаа цалин, ажиллах орчин нөхцөл, үүсмэл хогийн цэгийг устгах ажлууд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилласан байдал гэх мэтчилэн нилээд олон үзүүлэлтээр шалгаруулдаг. 2014 оны эхнээс манай байгууллага дүүргээ хоггүй, цэвэрхэн байлгах тал дээр ажлын төлөвлөгөө гаргаад ажилласан нь үр дүнгээ өгсөн гэж бодож байна. Нилээд хэдэн чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажилласан. Эхний ээлжинд ярьсан зүйл бол 2014 оны сүүлээр гэхэд Хан-уул дүүрэгт үүсмэл хогийн цэгийг байхгүй болгох талаар холбогдох газруудтай хамтарч ажиллана гэсэн зорилт тавьсан. Үүнтэй холбоотойгоор манай дүүрэг болоод төрийн болон төрийн бус байгууллагууд нилээд туслалцаа үзүүлсэн.
Энэ ажлын хүрээнд арав гаруй жил хуримтлагдаад байсан 3 хогийн цэгийг бид Хөдөлмөрийн хэлтэстэйгээ хамтран 7,8,10 саруудад бараг 10-аад хоног ачиж тээвэрлэж дуусгасан. Үүнд: 10-р хорооны морингийн давааны баруун зүүн жалга, 14-р хорооны Гавжийн шандын хогийн цэг ,13-р хорооны Сэнстолгой, Улаан байшинтын хогийн цэг, 9,10-р хорооны дундах 107-ын жалганы хогийн цэгүүдийг тус тус бүрэн устгаж хариуцсан хороонд нь хүлээлгэн өгч харуул хамгаалалттай болгож ажилласан байна. Энэхүү хур хогийг цэвэрлэх ажилд хороодод үйл ажиллагаагаа явуулдаг хувийн аж ахуй нэгж байгууллагууд машин техникээр бидэнд тусалсанд талархсанаа илэрхийлэе. Энэ бол бидний шагнал авах хамгийн гол үзүүлэлт байлаа.
-ТҮТ-ийн ажилчдыг идэвхижүүлэх, ажилчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаарал хандуулан ажиллаж байна вэ?
Бид ажилчид руугаа хандсан олон ажлыг хийж байна. 2013 оноос эхлэн ажилчдаа Хужирт амралт сувилалын газарт амралтын саруудад хувиарлан амраах ажлыг зохион байгуулж оны эхнээс байгууллагынхаа 10-аад ажилтанг үнэ төлбөргүй 10 хоног амрааж сувилууллаа. Манай байгууллагын зам талбайн үйлчлэгч,жолооч ачигч нар нь 800.0-1000.0 төгрөгийн хооронд хийсэн хөдөлмөрөө үнэлүүлж цалин авдаг, энэ нь бусад Тохижилт Үйлчилгээний байгууллагатай харьцуулахад илүү их цалин, хөлс авдаг нь харагдаж байгаа.
Мөн бид ажилчдаа ажиллах нөхцөлөөр нь хангахын тулд зам талбайн үйлчилгээний ажилчдын байрыг 10 гаруй сая төгрөгөөр бүрэн засч тохижуулсан. Бид нэг талаас ажилчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулсаны дээр ажилчиддаа өндөр шаардлага тавьдаг болсон. Яг энэ шаардлагынхаа дагуу бид ажилчдынхаа нийгмийн асуудал, цалин хөлс дээр анхаарал тавьсанаар ажил маань нэг системд ороход хялбар болж байна. Манай ажилчид ажилдаа их хариуцлагатай ханддаг.
Дээрээс нь нэмж хэлэхэд иргэд рүүгээ чиглэсэн ажил болох гэртээ эзгүй байхад нь манай байгууллагын хог тээврийн автомашин очоод танай хогийг ачилгүй явсан тохиолдолд манай байгууллагын ажилтан танай гэрийн хаалган дээр наалт наагаад явж байгаа. Тэр хуудсанд Танай хогийг ачих гэж ирлээ. Харин танайх эзэнгүй байсан тул ачсангүй, та гэртээ ирвэл бидэнд хандаарай гээд холбогдох утасны дугаараа бичсэн утга бүхий наалт байгаа. Үүнийг иргэд маань их нааштайгаар хүлээн авч, гэртээ ирсэн үедээ бидэнтэй холбогдож хогоо ачуулж байна.
Нүүр бардам хэлж чадаж байгаа нэг зүйл бол Хан-Уул дүүрэгт өнөөдрийн байдлаар үүсмэл хогийн цэг байхгүй бөгөөд бусад дүүргүүдийг бодвол Хан-Уул дүүрэг харьцангуй гэр хороолол багатай, байшин хороолол ихтэй цэвэр цэмцгэр дүүрэг юм.