Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан "Түүчээ цаг..." нэртэй Л.Хадбаатарын үзэсгэлэн өнөөдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үүдээ нээлээ. Уг үзэсгэлэнд уран зураач Л.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын хамтарсан бүтээлүүдийг олны хүртээл болгон дэлгэн тависан юм. Тус үзэсгэлэнд ардчиллын үе үеийн төлөөлөгчид болон Улсын Их хурлын Дарга З.Энхболд, ССАЖЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэл, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, С.Одонтуяа, БОНХЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Оюун, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг зэрэг төрийн нэр бүхий албан тушаалтнууд ирж талархлаа илэрхийллээ.
Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь Монгол Улс социалист нийгмээс ардчилал руу тайван замаар шилжсэн үеийг харуулсан байна. Тодруулбал, 1989-1990 онд Сүхбаатарын талбайд өрнөсөн түүхэн үйл явдлууд болон уг тэмцэлд манлайлан оролцсон хүмүүсийг дүрсэлжээ. Зураач Л.Хадбаатар өөрөө Ардчилсан хувьсгалд идэвхтэй оролцсон хүмүүсийн нэг. Тиймээс Ардчилсан хувьсгалд оролцсон гэрч, мөн уран бүтээлчийн хувьд уг үйл явдлуудыг харуулсан бүтээл туурвисан байна. Л.Хадбаатарын дөрвөн жилийн хугацаанд туурвин бүтээсэн уран зургууд нь бидний хойч үедээ үлдээж буй бас нэгэн үнэтэй түүхэн баримт юм гэж тус үзэсгэлэнд оролцсон хүмүүс ярьж байлаа.