Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаан өнөөдөр /2018.11.15/ боллоо. Хуралдаанд нийт 35 төлөөлөгч оролцохоос 33 төлөөлөгч ирж, ирц 94,2 хувьтай хуралдсан.
#Ээлжит хуралдаанаар “Хан-Уул дүүргийн 2, 3, 10, 11, 15 дугаар хороодыг өөрчлөн, шинэчлэн зохион байгуулах тухай”, “ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв.
Хүн амын хэт их өсөлт, шилжин ирсэн иргэдийн суурьшил Хан-Уул дүүрэгт сүүлийн жилүүдэд эрчимтэй ихэссэн, үүнээс үүдэн гэмт хэрэг зөрчил өссөн, иргэдийн ая тухтай амгалан тайван амьдрах орчин алдагдсан зэргээс шалтгаалан дүүргийн зарим хороодыг өөрчлөн, шинэ хороо байгуулах, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хурдан шуурхай үзүүлэх шаардлага үүсээд байсан юм.
Хороодыг өөрчлөх тухай санал хураалтыг нийт төлөөлөгчдийн 75% дэмжиж, тогтоолыг Нийслэлийн ИТХ-д өргөн барихаар боллоо.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Намын бүлгүүдээс ирүүлсэн саналыг
үндэслэн Төлөөлөгч Г.Батсайхан, Я.Энхбаатар, О.Одончимэг, А.Одбаяр,
О.Батхуяг, Р.Дамдин нарыг Тэргүүлэгчид нэр дэвшүүлсэн бөгөөд хуралдаанд
оролцогчдын 56,2 хувийн саналаар Тэргүүлэгчдийг дэмжин батлав.
Ийнхүү Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа.