Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн I, II хэлтэс болон хууль хяналтын
байгууллагуудтай хамтран
зохион байгуулж байгаа “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион
байгууллаа.
Улсын
хэмжээнд 2017
онд “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нийт гарсан гэмт
хэргийн 27.3 хувийг эзэлсэн статистик мэдээлэл гарчээ. Энэ төрлийн гэмт хэргийг сүүлийн 3 жилийн
дунджаар авч үзвэл цаг тутамд 1 гэмт хэрэг бүртгэгдэж байгаа тухай албаны
хүмүүс онцлож байсан юм.
Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол зорилго: Энэ төрлийн гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, тус дүүргийн нутаг дэвсгэрт
үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтыг бууруулах, төрийн болон төрийн бус
байгууллага иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, хэлэлцүүлгээс гарсан саналыг
нэгтгэн зөвлөмж гарган хэрэгжүүлэхэд оршиж байлаа.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчдоор
хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн гишүүд бүртгэгдэж байгаа бөгөөд гэмт хэргийг
үйлдэгч нь 30-45 насны хүмүүс байна. Хэргийн гаралт шөнийн 00:00-06:00 цагийн
хооронд үйлдэгдэж байгаа нь хууль хяналтын байгууллагад бүртгэгдсэн байгаа
бөгөөд хэрэг гарахад гол нөлөөлж буй хүчин зүйл нь архидалт хэмээн хэлэлцүүлэгт
оролцогч мэргэжлийн байгууллагууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байсан юм.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг
архи, пиво үйлдвэрлэгч аж ахуйн нэгжтэй хамтран энэ төрлийн гэмт хэргийн
гаралтыг бууруулж ажиллахад онцгой анхаарч ажиллахын ИТХ-ын дарга хэлэлцүүлгийн
үеэр онцлож байв.
2018 онд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах зөвлөлөөс “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-ХАМТДАА
ШИЙДЬЕ”, “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье-ХАМТДАА
ШИЙДЬЕ”, “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэмт хэрэг,
зөрчлөөс урьдчилан сэргийлэх-ХАМТДАА ХАМГААЛЪЯ” зөвлөгөөнүүдийг
холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, зөвлөмж гарган иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудад
мэдээлэл хүргэн, тэдний санал, санаачлагыг сонсож, аливаа төрлийн гэмт хэргээс
урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.