Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812
жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шагналаар дүүргийн
иргэдийг шагнаж урамшуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2018.07.09/ боллоо.
ИТХ-ын хуралдааны танхимд төрийн дээд одон медалийг ёслол
төгөлдөр гардуулдаг бөгөөд дүүргийн шагналаар шагнагдаж буй иргэдэд ч мөн адил
хүндэтгэл үйлчлэх ёстой хэмээн ИТХ-аас үзэж ийнхүү Үндэсний их баяр наадмаас
эхлэн шагнал гардуулалтыг нэгдсэн журмаар зохион байгуулж байхаар тогтсон юм.
Өнөөдрийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ИТХ-ын дарга
Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, ИТХ-ын
Тэргүүлэгч Ч.Базарзаяа, Э.Бодьцэцэг, Төлөөлөгч Ц.Чинзоригт, О.Одончимэг, ИТХ-ын
Төлөөлөгч, Засаг даргын Зөвлөх Ч.Бат-Оргил нар Хан-Уул дүүргийн хөгжил
цэцэглэлтийн төлөө өөрсдийн эрдэм ухаан, авьяас чадвар, хүч чармайлтаа дайчлан
ажилласан төр, төрийн бус байгууллагын шилдэг албан хаагчдыг урамшуулан
шагналыг гардуулсан юм.
Түүнчлэн ИТХ-аас залуучуудын оролцоо, бүтээмжийг урамшуулах
зорилгоор “Манлайлагч залуу” шагналыг бий болгосон бөгөөд өнөөдөр анхны эзэндээ
уг шагнал хүрсэн нь давхар онцлогтой байлаа.
Хан-Уул дүүрэгт ажиллаж, амьдарч байгаа иргэд та бүхэн
Үндэсний их баяр наадамдаа “Эко дүүрэг” зорилгын хүрээнд цэвэр цэмцгэр сайхан
наадаарай.