Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн “Эрдмийн баяр” өнөөдөр нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.
“Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн 4 бүлгийн 131 сурагч
мөнгөн хонхоо энгэртээ зүүж, эрдмийн баярын өдөрлөгтөө ээж, аав, үе
үеийн багш, сурагчид болон дүүргийн удирдлагуудын хамтаар оролцлоо.
Төгсөлтийн баярт дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Базарзаяа, Т.Рэгзэдмаа, Төлөөлөгч С.Сарангуа, ИТХ-ын төлөөлөгч, 10 дугаар хорооны Засаг дарга Ц.Чинзоригт, 16 дугаар хорооны Засаг дарга Ц.Алтангэрэл нар оролцсон бөгөөд ИТХ-ын дарга хэлсэн үгэндээ “Удахгүй болох төгсөлтийн болон элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч хүсч, зорьсон мэргэжлээ сонгон суралцаарай. Мэргэжлээ сонгохдоо өөрийн авьяас чадвар эрдэм мэдлэгтээ түшиглэхийн зэрэгцээ улс эх орон төдийгүй дүүргийнхээ хэтийн хөгжил, бодлогыг харж хамгийн эрэлттэй байгаа мэргэжлийг сонговол ажлын байраар хангагдах боломж ихтэй. Төрөлх дүүрэгтээ ажиллаж, амьдран, Хан-Уулынхаа хөгжил цэцэглэлтэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон хэлсэн юм.
Эрдмийн баярын өдөрлөгийн үеэр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Манлайлагч сурагч” тэмдгээр “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн 12А ангийн Б.Сүхбат, 12Б ангийн М.Тэмүгэн, Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр 12Б ангийн Б.Номун-Эрдэнэ нарын сурагчдыг анги хамт олноо, сурлага, урлаг, спортын амжилтаар манлайлсанд талархал илэрхийлж шагнаж урамшуулсан юм.
Баярын үеэр тус сургуулийн сурагчдын байгуулсан “Буянт хуур” чуулга нийт төгсөгч, үе үеийн багш, сурагчид болон хүндэт зочдод баярын мэндчилгээ дэвшүүллээ.