Хямд төсөр, эдэлгээ урт гэсэн шалтгаанаар
иргэд амьдралын хэв маягтаа хуванцар сав баглаа боодол ихээр
хэрэглэдэг. Гэвч
ашиглаад хаясан хуванцар эд нь байгальд шингэх хугацаа
урт байдаг гэсэн ерөнхий ойлголт л иргэдийн дунд түгээмэл байдаг.
Бодит байдал дээр хуванцар эдэд агуулсан хүнсний зүйлс, ус болон бусад зүйл
хүний биед хохирол учруулах, үхэлд хүргэх шалтгаан нөхцөлд бүрдүүлж байгаа
тухай “Заша өвс” НҮТББ-ийн тэргүүн Р.Нямдорж өнөөдөр
/2018.04.23/ зохион байгуулагдсан сургалтын үеэр ярьж байлаа.
Хан-Уул дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/45
дугаар захирамжийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 287 дугаар
тогтоолоор баталсан “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх
зорилгоор орчны бохирдолтой тэмцэх тухай асуудлаар дүүргийн иргэд, олон нийтийн
дунд хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах ажлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас зохион байгуулж байна.
Өнөөдрийн
сургалтыг ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны СААХ-ийн дарга
П.Амартүвшин нээсэн бөгөөд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт, нийтийн
аж ахуйн хэлтсийн мэргэжилтнүүд болон 1, 2, 3 дугаар хорооны иргэдийн төлөөлөл
оролцсон юм.
Сургалтад
оролцсон иргэн бүрийн аж амьдралд хуванцар, сав түгээмэл хэрэглэгддэг гэдгийг
хэлж байсан бөгөөд ашиглалтын шаардлага хангасан, дахин ашиглах боломжтой,
хүний биед хор нөлөөгүй сав баглаа боодол нэвтрүүлбэл #дэмжих тухайгаа илэрхийлж
байлаа.
Юнилевер, Кока-Кола, ПэпсиКо, Марс, Лореал, Уолмарт зэрэг дэлхийн томоохон өргөн хэрэглээний бараа
үйлдвэрлэгчид 2025 он гэхэд сав баглаандаа зөвхөн дахин ашиглагдахуйц, дахин
боловсруулагддаг, байгальд шингэхүйц материал ашиглахаа амласан тухай хэвлэл мэдээллийн
хэрэгслээр бичдэг. Үүнтэй адил “Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлсэн
Хан-Уул дүүрэг хуванцар савгүй жишиг дүүрэг болохоор иргэдийн дунд сургалт,
мэдээллийг ийнхүү өгч эхэллээ.