Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын цагдаагийн
хэлтсээс хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдаж буй
асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч, холбогдох хуулийн хэрэгжилтийг
хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй
байдлыг хангах урт богино хугацааны хөтөлбөр батлах, зөвлөл байгуулах зорилгоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-ХАМТДАА ШИЙДЬЕ” зөвлөгөөнийг сзохион байгууллаа.
Зөвлөлгөөнд “Дүүргийн замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал зам тээврийн осол, хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл”, “Нийслэлийн өнөөгийн нөхцөл байдал”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба Хан-Уул дүүрэг”, “Дэлхий нийтэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй ажил”, 2018-2020 онд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Хан-Уул дүүргээс хийгдэх ажлын танилцуулга зэрэг илтгэл хэлэлцүүлсэн юм.
Түүнчлэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-ХАМТДАА ШИЙДЬЕ” зөвлөгөөнд төр, нийгмийн олон байгууллага оролцсон бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг өнөөдөр үзэглэлээ.
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-ХАМТДАА ШИЙДЬЕ” зөвлөгөөний үеэр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан Хаан банкны төлөөлөл дүүргийн Замын цагдаагийн хэлтэст аливаа төрлийн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилдаа хэрэглэх 2 ширхэг хяналтын камерыг өгөх удирдлагын шийдвэр гарсан тухай албан ёсоор зөвлөгөөнд оролцогчдын өмнө мэдэгдсэн юм.
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-ХАМТДАА ШИЙДЬЕ” зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагаар “Шилжин явах туг”-ийг аялуулж, нийгмийн хариуцлагыг ухамсарлуулах бодит ажлыг хамтын хүчээр шийдвэрлэж ажиллахаар болсон юм.