Төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний
чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн
Засаг даргын Тамгын газраас “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-өө
шинэчлэн /2018.01.16/ өдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Б.Цэрэн, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, алба, тасгийн дарга нар, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хан-Уул дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр өдөрт 200-300 иргэн
тогтмол үйлчилгээ авдаг бөгөөд Төрийн үйлчилгээний мэдээлэл лавлагаа,
банк, эд хөрөнгийн бүртгэл, нотариат, кадастр, зурагчин,
канон, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээ,
ТҮЦ машин, даатгал зэрэг 10 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг.
Өнөөдөр нээгдсэн “Нэг цэгийн жишиг төв”-ийн нэг давуу тал нь иргэд
ухаалаг самбараар дамжуулан төрийн үйлчилгээ авахад бүхий л бүрдүүлэх
бичиг баримтаа харж, мэдээ мэдээллээ нэг дороос авч, шаардлагатай
тохиолдолд газар дээр нь хэвлэн авах боломжтой үйлчилгээ шинээр нэвтэрч
байгаагаараа давуу талтай юм.
Дүүргийн "Иргэдэд үйлчлэх төв
байр"-ны нэгдүгээр давхарт байрлах “Нэг цэгийн жишиг төв”-өөр дамжуулан
иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч, цаг хугацаа, мөнгө төгрөгөө
хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай авах
шинэ боломж ийнхүү нээгдлээ.