Хан-Уул дүүргийн
ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчдөд шинээр гарсан хуулийн талаар мэдээлэл
өгөх зорилгоор “Зөрчлийн тухай хууль”-ийн сургалтыг /2017-11-08/ зохион
байгууллаа. ИТХ-ын Төлөөлөгчид өмнө нь “Нийтийн сонсголын тухай хууль”,
“Захиргааны ерөнхий хууль”, “Шилэн дансны тухай хууль” –ийн сургалтыг
тус тус аваад байна.
УИХ-ын чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулж 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс нийтээр дагаж мөрдөж буй энэхүү хуулийн талаарх мэдээллийг Монголын Хуульчдын холбооны гишүүн, ХЗДХЯ-ны сургагч багш, Хууль зүйн магистр Б.Баярмагнай танилцуулсан юм.
Уг хуульд шүлсээ хаях, хог хаях, биедээ хутга авч явах, хүний биед хохирол учруулахгүйгээр халдах, олон нийтийн сүлжээгээр гүтгэх, орон сууцанд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, төмөр замын гарамгүй газраар гарах, дархлаажуулалтад хамрагдахгүй байх, автомашин жолоодож байхдаа огцом тоормослох, иргэний үнэмлэхээ барьцаалах гээд иргэдийн өдөр тутмын амьдралд гардаг зөрчилд торгууль ноогдуулахаар хуульчилжээ.
“Зөрчлийн тухай хууль”-ийн торгуулийн нэг нэгж=1,000 төгрөг байхаар заажээ. Иргэн бүр мэдвэл зохих заалтууд байгаа учраас ИТХ-ын Төлөөлөгчид энэхүү хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаар ийнхүү сургалтад хамрагдлаа.