Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэснээс хойш эдүгээ 22 дахь жилтэйгээ золгож байна. Энэ онд 1937 оны их хэлмэгдүүлэлт эхэлсэн 80 дахь жил тохиож байгаа юм.
Хан-Уул дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүд, ач зээ нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажлыг /2017-09-08/ зохион байгууллаа.
Бүрэн бус мэдээгээр 37 мянган орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг бөгөөд 1939 оноос эхлэн 31220 хүнийг цагаатгаад байгаа юм. Хан-Уул дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст өнөөдрийн байдлаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, ач зээ хэмээн бүртгэгдсэн 260 гаруй иргэд бүртгэлтэй байдаг юм.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Засаг даргын орлогч болон ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс албадын дарга нар оролцлоо.
Уг арга хэмжээг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссын дарга Б.Цэрэн нээж, үг хэлсэн юм. Тэрбээр: “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг дурсан санаж, нэр төрийг нь сэргээж, дахин ийм хэлмэгдүүлэлт гаргуулахгүйн төлөө, хүндэтгэл үзүүлэх учиртай энэ түүхэн өдөр Монгол Улсын Их Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын болон дүүргийн салбар комиссын өмнөөс та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Монголын ард түмний буурал түүхийн нэн эмгэнэлтэй, сургамжтай, бас заавал нэхэн дурсаж, санаж явах учиртай, хүнд адармаатай амьдралын нэгээхэн зурвас үе бол бүх нийтийг хамарсан улс төрийн их хэлмэгдүүлэлт юм. Цаашид хэлмэгдэгсдийн хийж бүтээсэн хөдөлмөр бүтээлийг нь мөнхжүүлэх, санаж сэдэж, хүсэн тэмүүлж явсан гэгээн хүслийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, дурсгалыг нь мөнхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллах болно” хэмээн хэллээ.
Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр “Дээд бодь” хийдийн лам нар маанийн ерөөл, хийморийн сан, буян хишгийн даллага айлдсан бөгөөд дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлгийн анхан шатны үзлэг явуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд зөвөлгөө, мэдээ, мэдээлэл хүртээж ажилласан юм.