Болзошгүй гамшгийн үеийн тусламж тараах, анхны тусламж үзүүлэх, ус ба эрүүл ахуй, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр дүүргийн 16 хороодод ажиллах мэргэшсэн баг бэлтгэх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Улаан загалмайн хороо, Онцгой байдлын хэлтэс хамтран энэхүү сургалтыг зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалтаар бэлтгэгдсэн багийн ажилтнууд байгалийн гамшиг осол, гэнэтийн аюул, эрсдэлт хүчин зүйл тулгарахад ажиллах юм.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Улаан загалмайн хорооны Тэргүүн Б.Цэрэн энэхүү сургалтыг нээх үеэр “Сайн дурын идэвхтэн та бүхэн энэхүү сургалтанд сууснаар хэлж ирдэггүй гамшиг ослын үед тусламж үзүүлэх гол хүч болох бөгөөд энэ үеэр зөвхөн иргэд төдийгүй, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмай болон Цагдаа, Эмнэлгийн байгуулагад гол туслалцааг үзүүлэх болно” гэдгийг онцлож байсан юм.
Мэргэшсэн баг бэлтгэх сургалтанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Улаан загалмайн хорооны Тэргүүн Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, дүүргийн УЗХ-ны дарга Д.Ган-Оч, УЗХ-ны дэд дарга С.Цэцгээ, хороодын сайн дурын ажилтан оролцсон юм.
Энэхүү мэргэшүүлэх сургалтын үеэр Улаан загалмайн хорооны ажилд иргэдээ идэвхтэй оролцуулдаг ХУД-ийн 4-р хорооны Засаг дарга О.Ганхуяг, 16-р хорооны Засаг дарга Ц.Алтангэрэл нарт тус хорооны Хүндэт өргөмжлөлийг гардуулан өгсөн юм. Сургалт дүүргийн Соёлын ордонд хоёр өдөр үргэлжлэнэ.