ХУД-ийн 16-р хороо Буянт-Ухаагийн дэнжид өнөөдөр "Цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор"-ын барилга барих шав тавих ёслолын ажиллагаа боллоо.
280 хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын шав тавих ёслолын ажиллагаанд Хан-Уул дүүргийн 16-р хорооноос сонгогдсон төлөөлөгчид болох ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгч Т.Рэгзэдмаа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэх зорилт хангагдаж, Буянт-Ухаа цогцолбор сургуулийн сурагчид 2017-2018 оны хичээлийн жилд 2 ээлжинд шилжих боломж ийнхүү бүрдэж байна.
Сургууль, цэцэрлэгийн барилгыг 2017 оны 10-р сард багтаан хүлээлгэн өгөх зорилт тавин ажиллах болно гэдгээ гүйцэтгэгч компанийн захирал дүүргийн удирдлагуудад албан ёсоор мэдэгдлээ. ХУД-ийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэж байгаа 6 сургууль байгаа бөгөөд ирэх хичээлийн жилээс 4 сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх боломж бүрдэж байгаа юм.