Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газартай хамтран Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн “Түр саатуулах байр”-ны үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцах ажлыг өнөөдөр зохион байгууллаа.
Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэргэдэх “Түр саатуулах байр” нь ахуйн нөхцлийн хувьд байгалийн гэрэлтүүлэггүй, агааржуулалтын системгүй, цагдаагийн хэлтсийн подвальд байрласан зэрэг эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй, саатуулагдсан этгээдийг хооллох, усанд оруулах болон эмчийн үзлэг хяналтанд хамруулах боломжгүй байсан юм.
Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн одоо ашиглаж буй барилга нь 1985 онд ашиглалтад орсон 2016 онд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр урсгал засвар хийсэн байна. Дүүргийн ГХУСАЗСЗ-ийн удирдлагууд түр саатуулах байрны үйл ажиллагаатай танилцаж, бодит байдал дээр ажиллаж байгаа нь сайн хэрэг хэмээн тус хэлтсийн дарга С.Хүрэлбаатар ярьж байлаа.
Түр саатуулах байр нь хууль, журамд заасан шаардлагуудыг хангаагүй байранд иргэдийг саатуулж байгаа нь иргэний эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Дээрх нөхцөл байдлыг холбогдох хууль журамд нийцүүлэхийн төлөө Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газраас шат шатандаа дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан юм.