Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн
хэлтсээс Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн
ойн баярыг тохиолдуулан “Хөгжлийн харандаа” экспо өнөөдөр зохион байгуулав.
Энэхүү үзэсгэлэн яармагт дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн, ИТХ-ын Төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Соёлын ордоны дарга О.Анхбаяр, хүүхэд залуучуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Ерөнхий боловсролын сурагчдын зуны амралт эхлэх гэж буйтай холбогдуулан хүүхэд өөрийн хүсэл сонирхлын дагуу секц, дугуйлангаар хичээллэн, өөрийн авьяас, чадвараа хөгжүүлэх боломжийг нээн өгч, хүүхдийн байгууллагуудтай холбож өгөх нь “Хөгжлийн харандаа” өдөрлөгийн зорилго оршиж байлаа.
Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо олсон цаг мөчийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй юм. Энэхүү холбоо нь шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхний олон багачууд” дууг эгшиглүүлэн мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихэд анхааран ажилладаг байжээ.
Монголын хүүхдийн байгууллага нь,
- 1925-1940 онуудад Монголын пионерийн байгууллагын төв
товчоо
- 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль-пионерийн
байгууллагын төв зөвлөл
- 1991 оноос Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар
- 2016 оноос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр хүүхдийн байгууллага өргөжин тэлсэн түүхтэй.