Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөний дагуу дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, түүний дэргэдэх бие бүрэлдэхүүн “Ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах сургалт, дадлага” өнөөдөр хийлээ.
Хаврын хуурайшилтын үе буюу тав, зургадугаар саруудад иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Иймд ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор тус сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Богдхан уулын Жаргалантын аманд зохион байгуулагдсан сургалт дадлагаар холбогдох байгууллагуудын гал унтраах багаж, хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал, ой хээрийн түймэртэй тэмцэх, хүч хэрэгсэл, шаардагдах материалын бэлэн байдал, гамшгийн үед үүсч нөхцөлд эмнэлгийн анхан шатны түргэн тусламжийг шуурхай үзүүлж, цагийн мэдээ, дүгнэлт өгч ажиллав.
Өнөөдрийн сургалт, дадлагат Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Цэрэн, дүүргийн Онцгой комиссын орлогч дарга, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэн, ГХУСАЗСЗ-ийн гишүүн хэлтэс албадын бие бүрэлдэхүүн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид болон дүүргийн 4, 8, 11, 14 дүгээр хорооны Засаг дарга, иргэдийн төлөөлөл 120 гаруй хүн оролцсон юм.
Дашрамд мэдээлэхэд, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд хөдөө хээр ил гал гаргахдаа асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймрээс хамгаалах зурвас татах, хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох, иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх хэрэгтэй юм.
Түүнчлэн ИРГЭН ТА ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээллэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэйг өнөөдрийн сургалтаар анхааруулж сануулж байсан юм.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА