Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 35 дугаар цэцэрлэг нь анх 1959 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 58 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус цэцэрлэг нь 2016-2017 оны хичээлийн жилд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Жи Жи Ай” ХХК-аар 1,8 тэрбум төгрөгний өртөгтэй 240 хүүхдийн хүчин чадалтай, цэцэрлэгийг бариулж, нийт 10 бүлэг, 41 багш, ажилчидтайгаа үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Уг цэцэрлэг нь боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулах, бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих замаар багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид "Эко цэцэрлэг" болох зорилго тавин ажиллаж байгаа юм байна.
Энэхүү цэцэрлэгийн нээлтэнд НИТХ-ын Тэргүүлэгч, НЗД-ын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Д.Гантулга, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга Ш.Алтангэрэл, Нийслэлийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга н.Оргил, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан, А.Амартүвшин, ХУД-ийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Буянхишиг, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч М.Батсайхан нар оролцлоо.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо нь сургуулийн өмнөх насны 1186 хүүхэд байдгаас тус цэцэрлэгт 430 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж байна.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА