Дархан хотыг 2016 оноос хойш хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд иргэд, мэргэжилтнүүдийн саналыг авах зорилготой тус хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын Судалгаа шинжилгээний хорооноос санаачилан аймгийн Иргэний Танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Хөгжлийн бодлогын хэлтэс, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Дархан хотын үе үеийн удирдлагууд, үе үеийн ерөнхий архитекторууд, салбар салбарын судлаач мэргэжилтнүүд, Их дээд сургуулиудын судлаач багш нар оролцлоо. Тэдний зүгээс Дархан-Уул аймгийг Дархан хотын статустай болгох нь хамгийн нэн тэргүүнд хийх шаардлагатай. Хотын статустай болчихвол баримт бичгээс эхлээд олон асуудлууд цэгцэрнэ. Хот төлөвлөлтийн Ерөнхий төлөвлөгөөг 20 жилээр бус ойр ойрхон тодотгож байя. Хотын нэг урсгалтай зам ачаалалаа даахгүй боллоо. Өргөтгөх боломжийг судлая гэх мэтчлэн хот төлөвлөлтийн асуудлаар өөр өөрийн байр сууриа илэрхийлэв.
Аймгийнхаа хөгжлийн стратегийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, орон нутгийн нөөц бололцоонд түшиглэсэн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, иргэд олон нийтийн санаачлагыг өрнүүлэхийг эрхэм зорилгоо болгосон тус хэлэлцүүлгийн эцэст судлаач мэргэжилнүүдийг хот төлөвлөх үйл явцад өргөн хүрээтэй оролцуулах ингэж оролцуулахдаа гэрээний үндсэн дээр судалгаа шинжилгээ хийлгэж байхад санал нэгдлээ.