
-Би 1992 оны 6 сард төр, нийгэм судлалын академи төгсөж ирээд тухайн үеийн ардын хурлын тэргүүлэгчдийн зохион байгуулагчаар орж ажилласан юм. Түүнээс хойш 3 сарын дараа ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны дагуу орон нутгийн захиргааг шинээр эмхлүүлэх ёстой болсон. Тэгээд 1992 оны 9-р сард аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхдугаар хуралдаанаа хийж намайг ажилтнаар томилж байсан юм. Би 1992 оны 9-р сард аймгийн ИТХ шинээр байгуулагдахад нь ороод 2013 оны 7-р сард тэтгэвэрт гарсан. 21 жил хурлын байгууллагад ажилласан. Гүйцэтгэх ажилтан юм чинь тэр дунд оролцоотой л байсан, бодлого шийдвэрийн төслийг боловсруулах, гарсан шийдвэрийн төслийг боловсруулна, ажлыг төлөвлөнө. Хоёрхон хүнээс эхэлсэн байгууллага чинь одоо 10 гаруй орон тоотой байгууллага болчихсон явж байна.

-Тухайн үед ардын хурлын тэргүүлэгчдээс ардын хурлын гүйцэтгэх захиргаа гэж өөрийн гүйцэтгэх байгууллагаа тохоон томилдог, төрийн чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлж байдаг тийм байгууллага байсан. Ардын хурал гээд олонхийн шийдвэр гаргадаг байгууллага нь дээрээ, тэргүүлэгчдээсээ гүйцэтгэх захиргаагаа томилдог ийм 2 байгууллага байсан юм.
Өвөрхангай аймгийн ИТХ 1992 оны 9 сарын 28-нд анхдугаар хуралдаанаа хийсэн санагдаж байна. Ардын хуралтай харьцуулбал зарчмын хувьд шал өөр байгууллага болсон. Тухайлбал, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу бүх шатны хурлууд болж хувирч, орон нутгийн бие даасан бодлого шийдвэр гаргаж, гаргасан бодлого шийдвэрээ гүйцэтгэх байгууллага буюу засаг даргаар хэрэгжүүлүүлдэг, засаг даргын туслах төрийн алба засаг даргын тамгын газар байгууллагуудын хувьд, нэр томъёоны хувьд ч зарчмын ялгаатай ажиллах алхам тавигдсан. Тухайн үеийн онцлог гэвэл багаасаа суманд, сумаасаа аймагт гээд төлөөллийн зарчмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж 61 төлөөлөгчийг аймгийн ИТХ-д сонгож байсан. 61 төлөөлөгчөөсөө 9 төлөөлөгчийг тэргүүлэгчээр сонгож байлаа. Анхдугаар хурлын гол онцлог гэвэл олон намын төлөөлөл болон нам бус хүмүүс орж ирж байсан. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд малчид, тухайн үеийн нэгдлийн дарга нар, хувьчлал дөнгөж эхэлж байсан үеийн компаниудын захирлууд байлаа. Цөөхөн эмэгтэйчүүд байсан. Ер нь ИТХ нь орон нутаг гэсэн эрх ашиг байдаг юм гэдгийг гаргаж ирсэн. Баянхонгор, Увс, Өвөрхангай гээд өөр өөрийн онцлогтой,тулгамдсан асуудлууд нь шал өөр, тэгэхээр тухайн хурлууд маань нутгийн өөрийн удирдлага дээр тулгуурлаад тулгамдсан асуудлуудаа бие даан шийдвэрлэдэг, өөрөөр хэлбэл ах байгууллага байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл дээрээс нь шууд зааварчилдаг байгууллага байхгүй. Зарим хүмүүс аймгийн хурал гэхээр дээд байгууллага нь УИХ юм шиг ойлгоод байдаг. УИХ нь улсын хэмжээний хууль эрх зүйгээ тогтоодог. Харин ИТХ бол хууль хэрэгжүүлэхийн зэрэгцээгээр тухайн орон нутагт тохирсон шийдвэр гаргах эрх хуралд ороод ирсэн. 1992 оны хурлын хувьд шинэ байсан учраас арга барилаа олохгүй тал байсан. Орон нутгийн хурлын эрх хэмжээг тогтоож өгсөн засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулиа барьж байсан. Хуульд орон тооны бус даргатай байхаар заасан байсан болохоор орон тооны бус дарга сонгосон. Сумдын хувьд жил тутам даргыг сольж байлаа шүү дээ. Ганцхан орон тооны хүн нь нарийн бичгийн дарга байлаа. Аймгийн хурлын хувьд зохион байгуулагч нарийн бичиг гэсэн 2 орон тоотойгоор ажлаа эхлүүлж байлаа.


Үндсэн хуулийн үзэл санааны дагуу хүнийг дээдлэх ёстой юм байна, хүн нэгдүгээрт байх ёстой юм байна, хүний эрх, эрх чөлөөний асуудал нэгдүгээрт байх нь гэсэн Үндсэн хуулийнхаа заалтыг бариад хүнээ боловсролжуулах гэсэн нэгдүгээр асуудал гарч ирж байсан. Үүнийхээ дагуу орон нутгийн хурлаар батлуулсан боловсон хүчний бодлого гэж байсан.
Ер нь бол шууд шинэ тогтолцоонд ороод ирэхээр суралцах хэрэгтэй л болдог. Өөрөөр хэлбэл хийнгээ, үйлдэл дээрээ суралцана. Бүх шатны хурлын байгууллагаас сонгогдсон ганц ганц нарийн бичгийн дарга нар л эхлүүлж байсан, нөгөөдүүл маань хуучин Ардын хурлын гүйцэтгэх захиргаа байж байх үед захиргааны нарийн бичгийн даргаар, зарим нь Ардын хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тэр чиг үүргээрээ ажиллах гээд байдаг, ерөнхийдөө бүгдээрээ л нэг гараанаас, тэгш уралдаж эхэлсэн гэхэд болно доо. Ажилдаа шинээр суралцах, арга барилын дадал зуршлын хувьд янз бүр л байсан байх.


1996 оноос даргыг нь орон тооны болгосон юм. Эндээс эхлээд аппарат бэхжиж, даргын туслах, төсөв санхүүгийн ажилтан 2 хүн нэмэгдэж, улмаар Засгийн газар, Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх олон улсын төслийн хүрээнд хурлын дэргэд Иргэдэд мэдээлэл үйлчлэх төв гэж бий болж, ажилтантай болж байсан.
1994 онд Засгийн газраас алт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор шийдвэрлэх хөгжлийн асуудлуудын ачаалал нэмэгдэж эхэлсэн. Яагаад гэвэл анхны хувьчлал явагдаж, үйлдвэрлэлүүд компаний хэлбэрт шилжих үед архины үйлдвэрүүд, алтны үйл ажиллагаа явуулдаг компаниуд орлогоо аймагт тушаадаг болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл тэднээс орлого олж авах асуудал чинь аймгийн асуудал болсон. Ингээд алтны компаниудын үйл ажиллагааны тайлан болон техникийн нөхцөл гэх мэт тайлангуудыг сонсох, Эрэл компанийн Эрдэнэбат, зөвлөхүүдтэйгээ хамт аймгийн хуралд тайлангаа тавьдаг байсан. Тухайн үед манай аймаг орлогоороо зарлагаа санхүүжүүлдэг аймаг болон, татаасынхаа хэмжээг багасгаж, улсад өгөх зүйлээ өгөөд, нийт орлогынхоо 60%-ийг өөрөө бүрдүүлдэг аймаг болж байсан. Үүнийхээ хүрээнд дээр дурдсан нэгдүгээрт, хүнээ боловсролжуулна гээд 8 жилийн сургуультай сумд олон байсан, түүнийг 10 жилийн сургуультай болгосон. Хоёрдугаарт, хүнсний хангамжийг сайжруулах талаар Хархорин сумын гурил тэжээлийн үйлдвэр, тариалалтынхаа тоог нэмэгдүүлэх, хүнсний ногоогоо өөрсдөө тарьдаг болох, эх орныхоо хөрсөнд ургуулах гэх мэт бодлогод тусгаж байсан. Гуравдугаарт нь, хэтэвч зузаан байх ёстой гээд өөрөөр хэлбэл аймгийн эдийн засаг мундаг байх ёстой гэж, дөрөвдүгээрт нь, харилцаа гүнзгий байх ёстой, өөрөөр хэлбэр гадаад харилцаа сайн байх гэсэн 4 В-гийн бодлого, анхны аймгийн ИТХ-ын бодлого гэж нэрлэдэг.
Гол тулгамдсан асуудал бол яг хурлынхаа мөн чанарыг л олох ёстой гэж бодож байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага миний ажиглаж байгаагаар, сүүлийн 10-аад жил арай ойлгож байгаа нь харагдаж байна. Хүмүүс санал гаргаж, хурлын байгууллагаараа асуудлыг оруулах, яг мөн чиг үүргээрээ Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавиад л, засаг даргаа шүүмжилж, огцруулдаг тийм хэмжээнд ажилладаг хурал гэж байхгүй.
Үүнийг нэг юмтай холбож ойлгодог юм. Хуучин 61 төлөөлөгчийн онцлогийг хэлсэн. Бүр багаас нь сум уруу дэвшүүлээд, сумаас нь аймаг уруу сонгож, ингэж шигшигдэж гарч ирсэн төлөөлөгчид байсан. Эхний 4 жилийн хувьд хурал, төлөөлөгчид сонгоход улс төрийн уур амьсгал, улс төрийн нөлөө бага байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд хурлын төлөөлөгчийг сонгодог ажил бол намуудын асуудал болсон. Үүнээс л хамаг асуудал урган гараад байна. Хурлын байгууллага бэхжихэд 4 жил болоод солигддог сонгууль болгонд өөр өөр хуулиар явагдаж байгаа байдал их нөлөөлж байна.
Анхны 61 төлөөлөгчийг сонгодог сонгууль бол Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар явсан. Түүнээс хойш сонгуулийн хуулиуд гараад ирсэн, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хууль, орон нутгийн сонгуулийн хууль гээд нэр нь өөр өөр болоод явж байгаа л даа. Өөрөөр хэлбэл сонгодог юмнаасаа л эхлээд байна гэсэн үг гол гогцоо бол.
1996 оноос хурал орон тооны болоод ирсэн, намууд идэвхтэй гарч ирж, квотоор нэр дэвшүүлж, намын нэрсийн жагсаалтаар нэг хэсэг төлөөлөгчдийг оруулж ирж байсан. Үүнээс улбаалан аймгийн иргэдийн хурлыг, ер нь аль ч хурлыг мөн чанараар нь ажиллуулахад энэ улс төржсөн, хэт намын төлөө, намаас бүх зүйл нь 100% шалтгаалдаг байгууллага болж хувирч байгаа нь хамаг аюулыг дагуулж байна.
Түүнээс биш хурлын байгууллага орон нутгийн бодлого гаргах хэрэгтэй, түүнийгээ Засаг даргад үүрэг өгөөд хэрэгжүүлдэг байх ёстой гэдгээ одоо ойлгодог болсон.


Эмэгтэй гишүүдийн хувьд эмэгтэй хүн бүрийн эрх бол хүүхдийн эрүүл мэнд ч гэдэг юм уу нийгмийн салбар дээр жаахан жаахан санал гаргадаг л даа. Ер нь бол юу гэж хэлэх, юу гэж ярих бол бүлгийн эрх ашиг, намуудын эрх ашгийн юм л болчихоод байна шүү дээ.
Сүүлийн үед хэд хэдэн сонгуулийг дамжаад гарч ирж байгаа улсууд байна. 3-аас дээш бүрэн эрхийн хугацаанд ажиллаж байгаа хүмүүс байх юм.


Багийн хуралд суудаг л даа, багийн хурал нэгдүгээрт сонирхолгүй, яг иргэн хүний сонирхол татахаар зүйл хийдэггүй, хуралд суухад тэнд аймгийн дарга нь давхиж ирэх юм, сумын дарга нь давхиад ирэх юм. Одоо сүүлийн үед техник хөгжсөн гээд презентэшн гэж үзүүлээд, слайдаар юм үзүүлээд, хог нохой гэсэн угаасаа гүйцэтгэх хүний хийх зүйлээ баахан үзүүлээд, сонирхол байхгүй, хүмүүс нь эвшээгээд л, ийм л хэлбэртэй байна. Өөрөөр төвлөрөл нь баг уруугаа шилжсэн боловч мөн чанараараа биш байгаа гэж би үзэж байна.
Оролцоо гэдгийг шийдвэр гаргах түвшин дэх оролцоог л яриад байгаа шүү дээ. Нэг шинэ ойлголт гараад ирэх юм. Жишээ нь төр үйлчлэх ёстой гээд л гараад ирсэн. Үүгээр 10 гаруй жил боллоо, дараа нь иргэний оролцоо байх ёстой, оролцоо оролцоо гээд л 10-аад жил ярилаа. Тендерийн асуудал, хүний эрхийн асуудал гэх мэт улс орон даяар л ярьдаг хэдэн ойлголтууд байгаад байна. Гэтэл яг мөн чанар нь ерөөсөө гарч ирэхгүй л байна. Мөн чанараараа явж байгаа нь тун ховор байна.


Иймд энэ хэлбэр хөөсөн, энэ их мөнгийг тарааж цацаж байгаа нь малчдын идэвх урмыг сэргээж чадаж байгаа юм байхгүй. Нэг жишээ хэлэхэд, малчин хүн чинь цаас унших дургүй, хүнээр дандаа амаар нь юм яриулах гээд байдаг юм байна л даа. Тэгвэл малын эмч нь яваад ОНХС-аар бүгдээрээ нэг мал угаалгын ваннтай л болчихмоор байна гээд хэлдэг, нөгөө малчид чинь мал угаалгын ванн гэж санал өгнө, эрэмбэд нэгээр гараад ирлээ. Гэтэл төсвийн мөнгөөр байгуулсан ОНХС-ийн мөнгөөр барьсан мал угаалгын ванн нь хувийн малын эмчийн үйл ажиллагаа явуулж, мөнгө олдог арга хэрэгсэл болчихож байгаа юм. Тэнд угаалга хийгээд, үйлчилгээний хөлс нь малын эмчид очиж байна.
Иймд цаашид хөрөнгө мөнгийг төвлөрсөн хэсэгт нь нийт хөрөнгийн хэдэн хувь гэдэг юм уу зөв зүйтэй механизмаар явуулахгүй бол иргэн хүн 100% мэднэ гээд, иргэдээс 100 саналыг нь асуугаад, иргэдийг оролцуулаад явж байгаа гэдэг одоогийн хэлбэр нь зохимжгүй юм байна.


Цаанаасаа хууль эрх зүйн хүрээний өөрчлөлтөөр газрыг хурал мэддэг боллоо. Онцгой бүрэн эрхийн асуудалд нь оруулаад ирсэн, орон нутгийн хөгжлийн асуудлыг хурлын онцгой бүрэн эрхийн асуудалд оруулаад ирсэн учраас түүний төлөө явдаг, хэлдэг, ярьдаг хэлбэрүүд нь байна. Түүнийг хөгжиж яваа гэхэд өөлөх зүйл байхгүй. Тэрээр хурлаар зайлшгүй шийдвэрээ гаргуулдаг, газрын төлөвлөгөө ярьдаг, ерөнхийдөө төлөвлөгөөнийхөө дагуу явж байна уу, хаана нь ямар байшингаа барих юм гээд хурал ажиллаж байна, явж байна.


Сэтгэлгээний хоцрогдол асар их байна. Соён гэгээрүүлэхэд төр, ТББ, боловсролын байгууллага анхан шатанд нь хийж өгмөөр байна. Бас нэг зүйл хэлэхэд, Монголчууд маш их муу амтай болчихсон байна. Тэр амьдрал ахуй, унаж байгаа машин тэрэг, амьдарч байгаа байшин барилгаар нь сайн гэж үзвэл хүмүүсийн амьдрал сайн байна. Гэтэл дандаа муулж байна, болохгүй байна гэж ярьж байна. Монгол хүн амны билгээр гэдэг дээ.
Би саяхан ажлын оффисоороо орлоо. Жилийн эцсийнхээ хурлынхаа урилгыг бэлтгээд тавьчихсан байна. Тэнд бидний хэлэх дуртай үгийг хэлсэн байна лээ. Ер нь хурлын байгууллага бол нутаг орноо гэсэн сэтгэлээр, асуудалд олон ургальч үзлээр, өөрсдийн оюун бодлоо, сэтгэлгээгээ уралдуулж байдаг, нээлттэй уралдааны талбар шүү дээ. ИТХ бол ганцхан улс төрөөр амаа хамхиулаад сууж байх биш, оюун бодлоо уралдуулж, жинхэнэ хөгжлийн төлөө мэтгэлцээний болж байдаг, жинхэнэ сэтгэлгээний гол талбар юм. Ийм талбар байлгахын төлөө одоо ажиллаж байгаа бүх хүмүүс, сонгогдсон бүх төлөөлөгчид, цаашид сонгогдох хүмүүс нь хичээж зүтгээсэй. Төрийн байгууллага аль нэг намын байгууллага шиг битгий авч үзээсэй гэж хэлмээр байна даа.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.