Иргэдийн санал хүсэлтийн дагуу Хотын дотор зорчигч тээвэрлэлтийн стандартын шаардлага хангасан 12 ш том оврын автобусаар Шинэ Дархан -Хуучин Дархан, Хуучин Дархан- Тосгоны чиглэлүүдэд шугам нээж, иргэдэд үйлчилж байна.
Иргэний Танхимд болон нээлттэй хэлэлцүүлгүүдийн үеэр иргэдийн зүгээс хамгийн их хөнддөг сэдэв нь хүүхдийн цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх тухай асуудал юм. Тэгвэл аймгийн удирдлагууд иргэдийн саналыг бодит ажил болгож, хойч ирээдүй болсон хүүхэд багачууддаа зориулан 4 шинэ цэцэрлэгийг барьж эхлээд байна. “Авлигаас сэргийлэхэд иргэдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийг Хэвлэлийн хүрээлэнгийн хойд бүсийн салбартай хамтран зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналын дагуу Авлигад өртөх эрсдэл өндөртэй албан тушаалтнуудын дунд сургалт зохион байгуулахаар төлөвлөв.
“Орон сууцны нэг давхарт байрлах зочид буудал, РС тоглоомын газрын үйл ажиллагаа”-ны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид Орон сууцны нэг давхарт байрлах РС тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоох нь зүйтэй гэсэн санал өгөв. Үүнтэй зэрэгцэн Орон сууцны нэг давхарт байрлах РС тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журмыг Засгийн газрын хуралдаанаас гаргав. Мөн иргэдийн саналын дагуу холбогдох байгууллагууд хамтран “Дэн буудал” хэсэгчилсэн
арга хэмжээг зохион байгуулж, нийтийн эзэмшлийн орон сууцны байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа 18 дэн буудлыг цуцлуулах, ажиллах нөхцлийг нь өөрчлүүлэхээр “Нийтийн эзэмшлийн орон сууцны байранд зочид буудал /Дэн буудал/-ын үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай” Дархан сумын Засаг даргын 2014 оны 05 сарын 30-ны өдрийн 230 тоот захирамжийг гаргууллаа.ИРГЭНИЙ ТАНХИМД- ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулсан Нийтийн зар мэдээний тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай, Шилэн дансны тухай хуулийн төслүүдэд олон нийтээс санал авав. Саналыг хууль тус бүрээр нь нэгтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэв.
- Хууль зүйн яамнаас боловсруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн /шинэчилсэн/ найруулгын төсөл, түүний үзэл баримтлалд санал өгөв.
- Дархан, Хонгор суманд Сум хөгжүүлэх сангийн зээлийн ил тод байдлын талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлэгт аймгийн Аудитын газрын шинжээчийг оролцуулан зөвлөмж өгөв.
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухай хэлэлцүүлгийг жижиг дунд бизнес эрхлэгчид, өрхийн аж ахуй эрхлэгчдийн дунд зохион байгуулж, 70 гаруй иргэн хамрагдлаа.
- Жолоочийн даатгалын тухай асуудлаар Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, 50 гаруй тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч, иргэдийг оролцуулав.
- Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Дэлгэрзааяа, хурлын дэргэдэх Иргэний танхимын зохион байгуулагч Н.Цээпил нар ажиллаж, Иргэний Танхимын үйл ажиллагаатай танилцав.
- Дархан-Уул аймгийн сумд “Иргэний танхим” –тай болж, иргэдийн санал хүсэлтийн мөрөөр ажил зохион байгуулж хэвшээд байна. Мөн Дархан сумын багууд багийнхаа төвд “Иргэний танхим” байгуулан ажиллаж эхлэлээ.
- “Дархан хотын хот байгуулалтын цаашдын бодлого, төлөвлөлт” нээлттэй хэлэлцүүлэгт 100 гаруй хүн оролцож, аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчдийг хот байгуулалтын сургалтанд хамруулах, Хотын хөгжлийн суурь судалгааг боловсруулах, Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд иргэдийн саналын авах, Хотын хөгжлийн төлөвлөлтийн хэрэгжилтийн тайланг нийтэд мэдээлж байх зэрэг асуудлаар санал гаргалаа.
- “Хотын хөгжилд-Залуусын оролцоо” нээлттэй хэлэлцүүлгээс гарсан саналын дагуу 2014 онд залуусын дунд 2 удаагийн уулзалт зохион байгуулж, аймгийн ИТХ-ын дэргэд Залуучуудын зөвлөх хороог байгууллаа. Тус хорооноос “Let's Lead” конференц, "Зорилготой залуу хүний нэг өдөр" сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, номын клуб байгуулан ажиллаж байна.
АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМ
